Хиймэл оюун ухааныг мэдээллийн салбарт ашиглаж эхэлсэн ч зарим агентлаг болгоомжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2019-06-16 22:39:12
@ShoovdorBatbold

Софи /МОНЦАМЭ/. Софи /МОНЦАМЭ/. Дэлхийн мэдээллийн агентлагуудын 6 дугаар их хурал Болгар улсын Софи хотноо энэ сарын 13-15-нд “Мэдээний ирээдүй” сэдвийн дор амжилттай болж, дэлхийн 100 орчим агентлагийн 200 гаруй төлөөлөгч оролцлоо. 




Мэдээний агентлагуудын үйл ажиллагаа, хөгжлийн загвар, санхүүжилт, шинээр бий болж буй орлогын эх үүсвэрүүд, нийгмийн мэдээллийн сүлжээнд тулгуурласан бодит бус мэдээлэлтэй тэмцэх арга зам болон хиймэл оюун ухааныг мэдээлэлд ашиглах боломж зэрэг асуудлыг хурлын үеэр төлөөлөгчид хөндөн ярилцлаа.

БНХАУ-ын мэдээллийн Синьхуа агентлагийн Европын бүсийн захирал Ян Хуан, манай агентлаг өнгөрсөн оны 12 дугаар сард хиймэл оюун ухаантай хөтлөгч, нэвтрүүлэгч хийх чадвартай робот бүтээсэн. Энэ хөтлөгч нь хятад, англи, орос хэлээр ярьдаг. Бодит хүний царайны төрх, уруулын хөдөлгөөн, ярианы хэв маягийг яг хуулбарлаж хийсэн. Гэхдээ энэ бол төгс хувилбар биш, энэ ажил цааш үргэлжилнэ. Одоо бид 23-25 мэдээний нэвтрүүлгийг энэхүү хийсэн хөтлөгчөөрөө уншуулаад байна. Манай агентлагт хиймэл оюун ухаан бүтээх зорилготой баг ажиллаж байгаа. Цаашид цаг агаарын мэдээ, биржийн ханш, спортын мэдээний хөтлөгч гэх мэтээр бүх чиглэлээр ажиллах робот бүтээх зорилготой байна хэмээн танилцуулав. Энэ танилцуулгын үед Синьхуа агентлагийн бүтээсэн робот эмэгтэй хөтлөгчийн мэдээ дамжуулж байгаа бичлэгийг үзүүлэв. Мөн робот хөтлөгчийг бүтээхдээ дүр төрх, дуу хоолойг нь эх болгож бүтээсэн бодит эмэгтэйг урьж ирүүлсэн байсан нь хуралдааны нэг сонирхолтой хэсэг байлаа.




ХБНГУ-ын DPA агентлагийн ерөнхий редакторын орлогч Ниддал Салах-Элдин, хиймэл оюун нь мэдээллийн салбарт цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, шуурхай ажиллахад хэрэгтэй. Гэхдээ мэдээ олох, хийх, тараах ажлыг хиймэл оюун ухаан хэзээ ч хүнээс илүү хийж чадахгүй гэв.

Ираны IRNA агентлагийн ерөнхий захирал Сейед Зиа Хашеми, манай агентлагийн хөгжлийн хэтийн төлөвлөлтөд технологийн хөгжлийн баг байгуулах зорилго бий. Гэвч хиймэл оюун ухааныг ашиглах тал дээр бид туйлын анхааралтай хандаж, үйл ажиллагааг нь бүрэн хяналтдаа байлгах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Хуралд урилгаар оролцсон ОХУ-ын Сбербанкны Удирдах зөвлөлийн тэргүүн дэд дарга Александр Ведяхин, манай банк хиймэл оюунтай роботыг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн хэмээн танилцуулаад ер нь банкны системд АТМ, теллерүүдийг хиймэл оюун ухаан бүхий роботоор сольсноор асар их цаг хугацаа хэмнэж, ашиг олох боломжтой гэдгийг онцлов. 

Хиймэл оюун ухааныг мэдээллийн сэтгүүлзүйд аль хэдийнээ ашиглаж эхэлсэн ч зарим агентлаг үүнд болгоомжтой хандах шаардлагатай хэмээж байв. Ер нь мэдээ олох, бэлтгэх  сэтгүүлчийн ажлыг хиймэл оюун ухаан төгс хийж чадахгүй. Бэлтгэсэн мэдээллийг түгээх чиглэлд илүү ашиглах нь тохиромжтой гэсэн хандлага давамгайллаа.

Болгарын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Максим Минчев их хурлыг хааж хэлсэн үгэндээ, бид анхны их хурлаа 2004 онд хийж байснаас хойш 15 жилийг үдэж, 6 дахь их хурлаа амжилттай хийлээ. Олон асуудлыг энд ярилцлаа. Дэлхийн мэдээллийн агентлагуудын их хурал маань өсвөр үеэ өнгөрөөж, эрийн цээнд хүрлээ гэж би бодож байна. Хуралд оролцогч мэдээллийн агентлагуудын газарзүйн хүрээ улам бүр тэлж, манай дэлхийн бүх тивийн улс орнуудаас төлөөлөгч оролцож байгаад гүнээ талархаж байна. Та бүхэнд мэдээний сэтгүүлзүйн хүнд хүчир ажлын талбартаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэв.




Дэлхийн мэдээллийн агентлагуудын төлөөлөгчид хуралд оролцохын зэрэгцээ Болгар улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Екатерина Захариева, Софи хотын дарга Йорданка Фандькова нартай уулзан, Үндэсний түүхийн музей үзэж, төгсгөлд нь 6 мянган жилийн түүхтэй Пловдив хоттой танилцав.


Холбоотой мэдээ