Сургууль цэцэрлэгийн урсгал засварыг наймдугаар сард дуусгахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-21 15:16:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн зургаан дүүрэгт хийж байгаа сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

 БСШУСЯ ирэх хичээлийн жил эхлэхэд гурван ээлжийн сургуульгүй болох, бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан байх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн ажил хийж байгаа юм.

Уулзалтад БСШУСЯ-ны газрын дарга нар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсрол соёл урлагийн газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд оролцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэл дүүргийн боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд зун ээлжийн амралтгүй ажиллаж, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган хяналт тавихыг үүрэг болгов.

Ирэх хичээлийн жилд нэмэгдэх суудлын тоог нарийн тооцох, үүндээ үндэслэн долдугаар сарын 1-ний дотор түрээсийн сургууль цэцэрлэгийн шийдлийг олох, НМХГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж хувийн сургууль цэцэрлэгт хяналт шалгалт хийх, урсгал засварын ажлыг наймдугаар сарын 15 гэхэд дуусгасан байх зэрэг тодорхой үүрэг чиглэл өглөө.

Холбоотой мэдээ