Ерөнхий сайдын засаглал

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-06-25 15:32:27

Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Энэ бол Үндсэн хуулийн заалт, сайхан сонсогдож байгаа биз. “Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж цааш нь дэлгэрүүлсэн байдаг. Үндсэн хууль ард түмний нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл болж байж дээрх үндэс бүрдэх гэнэ. Гэхдээ эрх мэдлийг хувиарлах зарчмууд (Үндсэн хуульд)-ыг хангаж байж засгийн эрх бүх ард түмний гарт очно гэсэн тодорхойлолт байна.   


Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг парламент хэлэлцэж эхэлсэн энэ үед дээрх эцэг хуулийн заалт, тодорхойлолт, зарчмуудын талаар бид оюун санаагаа төвлөрүүлэн, ухаан санаагаа уралдуулах хэрэгтэй байгаа юм. Энхүү нэмэлтийн нэг тулгуур ойлголт нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхэд оршино. Энэ нь Ерөнхий сайдын засаглалыг өндөр түвшинд авч үзэх хэрэгтэй гэсэнтэй шууд  холбогдон гарч ирсэн болов уу.


Ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорч, 300 хүнийг сайдын албан тушаалд томилсон.Түүнээс сүүлийн гурван жилд БСШУС-ын сайдыг дөрөв сольсон гэдэг статистик гарчээ. Энэ тоон үзүүлэлт улс орныг хямраасан хамгийн муу үзүүлэлт гэнэ. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа парламентын олонхыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж УИХ томилдог. Энэ нь  Ерөнхий сайдыг парламентаас бүрэн хараат болгосон. Ийм учраас Үндсэн хууль (1992 )-д оруулах хоёр дахь нэмэлтээр Ерөнхий сайдад танхимын гишүүдийг бие даан томилох болон төсвийн эрх мэдлийг бүрэн гүйцэд олгох хэрэгтэй гэж үзэв бололтой. Эдүгээ УИХ Үндсэн хуулийн  нэмэлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, иргэдийн санал авч байгаа (ажлын 7 өдөрт багтаан) билээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад дээрх эрх мэдэл олгохоос гадна парламентыг тараах эрх мэдэл олгодог олон улсын жишиг байдаг юм байна. Засгийн газрын тэргүүнд ийм эрх мэдэл олгохыг онолын хувьд  супер Ерөнхий сайдын засаглал гэж нэрлэдэг гэнэ.


Засаглалын ийм хэлбэр эзэн хаантай улс орнуудад амжилт олсон гэж судлаачдын олонх нь үздэг юм байна. Тэд ийм орнуудаар Англи, Япон, Швед, Дани, Люксембург, Бельги зэрэг орныг нэрлэжээ. Тэднээс бидэнд хамгийн ойр байдаг Японы ерөнхий сайд, эзэн хааны Үндсэн хууль дахь эрх, үүргийн  хувиарлалтыг товчоор авч үзье.


Эзэн хааны бүрэн эрх

Японд эзэн хааны эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоосон байдаг. Энэ хуулийн нэгдүгээр зүйлд “Эзэн хаан бол төрийн болон ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд түүний байр суурь нь бүрэн эрхийг өөртөө хадгалах ард түмний хүсэл зоригоос эх үүсвэртэй” гэжээ.

Эзэн хаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой бие даасан бүрэн эрх байдаггүй аж. Төрийн хэргийн талаарх бүхий л үйл ажиллагаандаа эзэн хаан нь Засгийн газрын зөвлөгөө, зөвшөөрлийг авах бөгөөд Засгийн газар нь түүнийхээ төлөө парламентын өмнө бүрэн хариуцлага хүлээдэг гэнэ. Тухайлбал, Ерөнхий сайдыг парламентаас нэрийг нь дэвшүүлсний дагуу эзэн хаан өргөн мэдүүлэх жишээтэй. Түүнээс гадна Засгийн газрын өргөн мэдүүлснээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилно. (ҮХ-ийн 6-р зүйл)


Засгийн газрын зөвлөмж, зөвшөөрсний дагуу эзэн хаан нь ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хуулийн нэмэлтэд, Засгийн газрын тогтоол, Олон улсын гэрээг соёрхон батлах, парламентыг зарлан хуралдуулах, Төлөөлөгчдийн танхимыг тараах, Парламентын гишүүдийн ерөнхий сонгуулийг зарлах, хуульд заасны дагуу төрийн сайдууд болон бусад албан тушаалтнуудын томилгоог батламжилна. Мөн огцруулна,  элчин сайдууд болон элч төлөөлөгчдийн бүрэн эрх болон итгэмжлэх жуух бичгийг олгох, өршөөл, уучлал үзүүлэх, ял шийтгэлийг хөнгөвчлөх, ялын хугацааг хойшлуулах, эрхийг сэргээх, шагнал олгоно. Түүнээс гадна, олон улсын гэрээг соёрхон баталсан баримт, бусад дипломат баримт бичгийг баталгаажуулах, гадаадын элчин сайдууд, бусад төлөөлөгчдийг хүлээн авах, төрийн ёслолд оролцох зэрэг төрийн үйл хэргийг хэрэгжүүлнэ. (ҮХ-ийн 7-р зүйл)

Эзэн хааны ордны захиргаа

Эзэн хааны ордны тухай хууль (1947 он)-ийн дагуу хаан ширээ залгамжлах журмыг Эзэн хааны ордны зөвлөл (Эзэн хааны гэр бүлийн хоёр гишүүн, Ерөнхий сайд, Парламентын танхимын дарга, Дээд шүүхийн дарга болон дэд дарга гэсэн бүрэлдэхүүнтэй) хадгалж байдаг. Ерөнхий сайдын тамгын газрын дэргэд эзэн хааны ордоны захиргаа ажилладаг. Захиргааны даргыг Ерөнхий сайд эзэн хаантай зөвшилцсөнөөр томилдог юм байна. Улс бүрийн эзэн хаан харилцан адилгүй эрх мэдэл, үүрэгтэй байдаг аж. Япон улсын  эзэн хааны эрх мэдлийг Английн эзэн хаантай харьцуулахад, эрх мэдэл нь бага гэнэ. Ерөнхий сайдыг томилоход Үндсэн хуулийн дагуу эзэн хаан оролцохгүй. Мөн Засгийн газрыг бүрдүүлэхэд нөлөөгүй. Харин улс төрд өдөр тутам хутгалддаггүйгээрээ эзэн хааны нэр төр, сүр хүч, нөлөө нь урьдын адил өндөр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үздэг байна.  

 

Монгол Улс эзэн хаангүй. Харин парламентын засаглалтай. Төрийн эрх барих, хууль тогтоох  дээд байгууллага УИХ-ын гишүүдийг иргэд дөрвөн жилд нэг удаа сонгодог. Мөн Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог өөрийн онцлогтой. Энэ онцлогоо харгалзан үзэж Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтээр Ерөнхий сайдад доорх эрх мэдлийг олгох гэж байна.


Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

Нэг. сайд нарыг томилох чөлөөлөх, огцруулах журам:

39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.


Хоёр. Ерөнхий сайдыг огцруулах журам:

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

Гурав. Ерөнхий сайдад өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх:

 44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэжээ.

Холбоотой мэдээ