Адаацаг сумын сургуулийн кабинетийг С.Намжилдоржийн нэрэмжит болголоо

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-07-31 11:59:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, МУИС-ийн хүндэт профессор, математикийн багш Содномын Намжилдоржийн гэр бүл, үр хүүхдүүдээс сумын удирдлагуудад санал гаргасны дагуу сургуулийн нэгэн танхимыг түүний нэрэмжит болголоо.

Адаацаг сумын түүхт 60 жилийн ойн баярын үеэр сургуулийн бага ангийн нэгэн танхимыг С.Намжилдорж багшийн нэрэмжит болгож  анги танхимд 1.8 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг түүний гэр бүлээс бэлэглэв.

Түүний гэр бүл жил бүр танхимын засвар, тохижилт, хичээлийн хэрэглэгдэхүүнийг сайжруулж, тус ангид хичээллэх хүүхэд бүрийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийхээр болж буйгаа дуулгасан юм.

С.Намжилдорж багш 1938 онд Адаацаг суманд төрсөн. Дундговь аймгийн уугуул. 1962-1996 онд МУИС-ийн Физик-математикийн факультетийн Математик анализын тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч, МУИС-ийн дэргэдэх Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирлаар тус тус ажиллаж байжээ.

1996 оноос МУИС-ийн харъяа Монгол-Туркийн хамтарсан Байгалийн ухааны төрөлжсөн сургалттай дунд сургуулийн захирал, МУИС-ийн Математик, компьютерийн сургуульд зөвлөх дэд профессороор ажиллаж байсан.

Ахмад багш, сурган хүмүүжүүлэгч С.Намжилдорж  Монгол Улсын бүх шатны сургуулийн математикийн сургалтын түвшинг дээшлүүлэх, дээд боловсролтой математикчдыг бэлтгэх, их, дээд сургуулийн сургалтын гол хэрэглэгдэхүүн болох сурах бичиг, гарын авлага зохиосон байдаг.

Мөн МУИС-ийн харьяа Турк Улстай хамтарсан Байгалийн ухааны төрөлжсөн сургалттай дунд сургуулийг орчин үеийн лицей сургуулийн түвшинд хүргэхэд хөдөлмөр бүтээлээ зориулж, Монгол-Турк хоорондын найрамдалт харилцааг боловсролын салбарт бэхжүүлэх, дээд, дунд боловсролыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд ухамсарт амьдралаа зориулсан хүн ажээ.

Холбоотой мэдээ