Ахмад тээвэрчид "Дурсамж" уулзалтад оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-06 15:39:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Одоогоос 70 жилийн тэртээ Дундговь аймгийн 17 дугаар авто бааз байгуулагдан тээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Авто баазтай ажил амьдралаа холбож явсан үе үеийн удирдлага тээврийн жолооч нар, ажилтнууд түүхэн он жилүүдээ дурсан “Дурсамж” уулзалт зохион байгууллаа.

Дундговь аймгийн 17 дугаар авто бааз тухайн үедээ Улаанбаатар, Чойроос материал хангамжийн өргөн хэрэглээний бараа, бордоо, өвс тэжээл, шатахуун татан шаардлагатай сумд, албан байгууллагуудад хүргэх, аймаг дотроо, сум бүрт зорчигч болон шууданг графикаар хүргэж үйлчлэх, Цагаан-Овоогийн нүүрсний уурхайгаас нүүрс татаж аймгийн төвийн уурын зуух, бусад байгууллагуудыг өвлийн цагт гал алдуулахгүй байх хариуцлагатай үүргийг хүлээдэг байжээ.

Мөн цаг үеийн улсын чанартай тээвэрт графикаар явдаг, тухайлбал ноос, мах, өвс, намрын их ургацад зохион байгуулалттайгаар гарч их ажлыг амжуулдаг байж.

Автобаазын 70 жилийн ойн үйл ажиллагаанд тус баазын үе үеийн удирдлага С.Лувсандорж, Ц.Содов, Ц.Бямба-Очир, Б.Умаахан болон ахмад тээвэрчид, ахмад ажилтнууд оролцож, ажил амьдралынхаа алтан үеийг дурсан, чин сэтгэлийн халуун дотно яриа өрнүүлэв.

Уулзалтад  аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун оролцож, ахмад тээвэрчиддээ баяр хүргэн, тээвэрчин аавынхаа тухай дурсамжаа хуваалцсан бол ахмад тээвэрчин Б.Өлзийбүрэнгийн хүү, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт ая дуугаа өргөсөн. 

Холбоотой мэдээ