Халх голын дайны үнэн бодит түүхийг дэлгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-23 14:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Халх голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр болж байна. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид оролцож буй дээрх хурлыг БХЯ, ҮБХИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Хурал ГХЯ-ны зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Батбаярын тавьсан “Халх голын дайныг тойрсон их гүрнүүдийн геополитик: БНМАУ-ын тусгаар тогтнол батжин бэхжсэн нь”, Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдарын тавьсан “Халх голын дайны цэргийн урлаг” сэдэвт илтгэлүүдээр эхэлсэн юм.


Т.Сүхбаатар: Цаг үе өнгөрөх тусам Халх голын дайны баримт нотолгоо үгүйлэгдэж байна


Хурлын талаар Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатараас тодруулбал, “Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойн өмнөх энэ удаагийн хурал урд өмнөх хурлуудаас өргөн хэмжээнд болж байна. ОХУ, БНХАУ-аас олон эрдэмтэн судлаач, төлөөлөгч ирж хөрш орнууд их ач холбогдол өгч байна. Хурлын гол зорилго нь түүхийн үнэн бодит мэдээллийг гаргаж ирэх явдал юм. Сүүлийн 10 гаруй жил, Халх голын ялалтын 70 жилээс хойш, олон нийтийн мэдээллийн сүлжээ бий болсноор Халх голын дайны талаар буруу ташаа мэдээлэл их гарах болсон.

Эдгээрийг цэгцэлж, нийгэм, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийг цаг үе шаардаж байгаа. Тиймээс Халх голын дайны үйл явдлын түүхийг яг байгаа байдлаар нь дэлгэн тавих зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна” гэв. Тэрээр энд Халх голын дайны үеэр Японы тал хими бактериологийн зэвсэг хэрэглэж байсан талаар баримт нотолгоо бүхий өгүүлсэн, хуралд оролцож буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Номунхан дайны судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Шү Жань Жяны илтгэлийг дурдсан юм.


ОХУ Халх голын дайнтай холбоотой архивын түүхэн баримтуудаа

ил болгосноо дэлгэж байна


Хуралд ОХУ-ын Буриад улсын үндэсний музей, ОХУ дахь маршал Г.К.Жуковын музей, ОХУ-ын Жанжин штабын академийн төлөөлөл оролцож өмнө нь манай улсад нээгдэж байгаагүй, архивын баримтуудыг дэлгэж буйгаар түүхт ойн өмнө болж буй өнөөдрийн хурал онцлог болж байна. Ялангуяа ОХУ сүүлийн 10 жилд Халх голын дайнтай холбоотой архивын түүхэн баримтуудаа ил болгосон. Үүнийг олон нийтэд гаргаж байгааг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрын дарга, түүхийн ухааны доктор, хурандаа А.Е.Шагов “Дэлхийн II дайны өмнөх Зөвлөлт-Монголын цэрэг, улстөрийн хамтын ажиллагаа ба дайчин нөхөрлөл үүсэж хөгжсөн түүхэн туршлага” сэдвээр тавьсан илтгэлдээ онцолж байв.

Хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэлэхдээ, “Халхын голд байгуулсан Монгол-Зөвлөлтийн цэргийн ялалт нь хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол-Зөвлөлтийн ард түмний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлсэн ариун дайн байсан юм. Энэ ялалтад хүргэсэн Оросын ард түмэн, түүний баатарлаг цэрэг эрсийн алтан амь, бүлээн цусыг бид мартах учиргүй юм.

Бид өнгөрсөн 80 жилийн түүхээрээ бахархахын зэрэгцээ түүхэн үнэн, бодит баримтыг судлан гаргаж, эрдэмтэн, судлаачдын хүрээнд шүүн тунгааж олон түмний хүртээл болгоход энэ хурлын нэг зорилго оршиж байна. Тиймээс энэ удаагийн хурал үр дүнтэй болж, судлаачдын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн хурал болно гэж найдаж байна” гэсэн юм.

Б.Болд

Холбоотой мэдээ