Дөрөв дэх жилдээ ихэрлэсэн хонь 4 ихэр хургатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-07 10:29:57

Халуун хошуутай мал ихэрлэхэд монгол хүн ихэд билэгшээдэг. Мал ид төллөж байгаа энэ үед 3 жил дараалан ихэрлэсэн хонь 4 дэхь жилдээ 4 ихэр хурга төрүүлсэн тухай сонирхолтой мэдээг малчин Ж. Дэлгэрсуурь дуулгалаа.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р багийн малчин Ж. Дэлгэрсуурийн хүрэн алаг хонь анх төлөг насандаа ихэр хурга гаргаж байсан бол жил дараалан ихэрлэж энэ хавар 4 ихэр хургатай болсон байна.

Малчин Ж. Дэлгэрсуурийнх Цагаандэлгэр сумын төвөөс зүүн урагш Отог уулын жирэм хэмээх газар хаваржиж байна. Энэ өвөл цас ихтэй, хүндхэн өвөл байсан ч өнчин ишигний гарзгүй давж, урин хавартай золгосон гэлээ. Тэрээр хоёр хүүгийнхтэйгээ айлсан хаваржиж, 400 гаруй мал төллүүлж байна. Мал төллөж дуусах арай болоогүй ажээ.

4 жил дараалан ихэр хурга төрүүлсэн хүрэн алаг хониныхоо тухай малчин Ж. Дэлгэрсуурь ярихдаа,  “Төлөг насандаа ихэр хурга гаргавал 7 хөгнө зүүж домнодог. Тэр заншлаар хүрэн алаг хонио анх ихэрлэхэд нь домносон юм. Гэтэл 4 жил дараалан ихэрлэлээ. Энэ жил бүр 4 ихэр хургатай болсонд ихэд билэгшээж байна. Ихрүүдийн хоёрыг нь өөр хонинд амлуулсан” гэв. Шар алаг хониноос гадна арав гаруй хонь малчин Ж. Дэлгэрсуурийн хотонд ихэрлэжээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ