Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамны зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 09:32:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ сарын 28-30-нд БНСВУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт өчигдөр болов.


Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг нар хоёр талаас тэргүүлэн оролцож, манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, Консулын газар, Монгол Улсын ҮАБЗ-ийн ажлын алба, Ханой дахь ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнууд орж ажиллав.



Уулзалтын үеэр Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарт  өргөжүүлэн, харилцааг дараагийн түвшинд дэвшүүлэн гаргах талаар ярилцав.


Мөн Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ оны сүүлийн хагаст хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.


Манай улс БНСВУ-ыг Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг хэмээн үзэж, харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ирснийг дэд сайд Б.Батцэцэг тэмдэглээд цаашид хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх үүднээс түүх, соёл урлагаа харилцан сурталчилж, боловсролын солилцоог дэмжиж, орон нутгууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.



Хоёр улсын хооронд иргэд хоорондын солилцоо өргөжиж байгаатай холбогдуулан ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтын хүрээнд Консулын газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 28-ны өдөр болсныг талууд сайшааж, тус уулзалтыг тогтмолжуулахад нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.


Талууд хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах, олон улс, бүс нутаг болон НҮБ, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, мэдээлэл солилцов.


Мөн өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Вьетнамын Аж үйлдвэр, Худалдааны дэд сайд Чан Куок Хань-тай уулзаж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд нөөц, боломжоо сайтар ашиглаж, хамтарсан бизнес форум зохион байгуулах, худалдааны асуудал эрхэлсэн яам хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан, шууд хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаар ярилцав. Талууд энэ оны 9 дүгээр сард хоёр улсын ЗГХК-ийн ээлжит хуралдааныг зохион байгуулах чиглэлд бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ