Д.Нарандорж: 2019-2020 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хамран сургалтыг 0,3 хувиар ахиулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-31 17:21:42

Ховд /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дэд дарга Д.Нарандоржоос сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил, зорилго, зорилтын  талаар тодрууллаа.


-Хичээлийн шинэ жилийн нээлт хэзээ болох вэ?

-БСШУСЯаас чиглэл болгосны дагуу Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт  энэ  оны  есдүгээр  сарын 1-ний өдөр болно. Харин цэцэрлэгүүдийн хичээлийн жилийн нээлтийг  есдүгээр сарын 2-нд хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

-Бэлтгэлийг хэрхэн хангасан вэ?

-2019-2020 оны хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” сургалтад орон нутгийнхаа 1199 багш, ажилтныг хамруулж ур чадварыг сайжруулсан  төдийгүй  “Багш нарын бага хурал”-ыг зохион байгуулж, хичээлийн жилийн зорилго, нэгдсэн арга хэмжээний төлөвлөлтийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа.

Мөн математик, физик, химийн 200 багшийг чадваржуулах сургалтад, байгалийн ухааны 50 гаруй багшийг суурь боловсролын сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи ашиглах талаар сургалт, хэлэлцүүлэгт тус тус  хамрууллаа.

Үүнээс гадна бага ангид сурах бичгийг үнэгүй олгох, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээсээр олгохоор шийдвэрлэсний дагуу 85 төрлийн 30359 сурах бичгийг татан бүх сургуульд хүргээд байна.

-Боловсролын салбарынхан энэ хичээлийн жилд ямар зорилго, зорилт дэвшүүлсэн бэ?

-Ховд аймгийн боловсролын салбарынхан 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯаас дэвшүүлсэн зорилго, зорилттой уялдуулан “Багш бүр хичээл, сургалтын  бэлтгэлийг чанартай ханган, багш, эцэг, эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах” зорилго дэвшүүллээ. Энэхүү зорилгыг хангах чиглэлээр 10 гаруй шинэ зорилтыг хэрэгжүүлнэ.

Тодруулбал, “Олон нийтийн оролцоот сургууль, цэцэрлэг – хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалтын байгууллагын үнэлгээг баримт нотолгоонд тулгуурлан хийж, цаашдын үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг хамтын оролцоотой тодорхойлох соёлыг төлөвшүүлэх,

Хүүхдийн сурлага хүмүүжил, хөгжил хамгааллын асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах гэрээ байгуулан дүгнэн ажиллаж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн насны бүх хүүхдийг хөгжлийн онцлог, хэл, соёл, оршин суугаа газар, амьжиргааны түвшнээс үл хамааран боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсролд таван настай, ЕБС-д зургаан настай хүүхдийг бүрэн хамруулж, сургууль цэцэрлэгийн хамран сургалтыг 0,3 хувиар ахиулна.

Албан бус, насан туршийн боловсролын үйлчилгээний хүрээ, арга хэлбэрийг бүх насны хүн амын хэрэгцээнд нийцсэн байдлаар өргөжүүлэх,

“Чадварлаг багш” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, багш ажлын байрандаа мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх соёл төлөвшүүлж, орчин нөхцөлийг бүрдүүлэн, багшийн хандлага, ёс зүйг дээшлүүлэх,

Бага анги, математик, байгалийн ухаан, гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч, багш нарыг чадваржуулах,

Хичээл, сургалтын үйл ажиллагаанд заах аргын нэгдэл, багаар хамтран чанартай бэлтгэх, ээлжит хичээлийг хүүхдийн ялгаатай байдал, хэрэгцээ сонирхлыг харгалзан, адил тэгш оролцоог ханган үр өгөөжтэй удирдан зохион байгуулах чиглэлээр багшийн ур чадварыг хөгжүүлэх,

Захирал, эрхлэгч, менежер, арга зүйчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө багшид өгөх, тэдний хамтын ажиллагааг дэмжих, хичээлийн явц, үр дүнд судалгаа, шинжилгээ хийх, ёс зүй, харилцаа хандлагаар манлайлан мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн чиг үүргээ бүтээлчээр хэрэгжүүлэх,

Үнэлгээний журмыг үр дүнтэй хэрэгжүүлж, сурагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын явц, үр дүнд тогтмол шинжилгээ хийж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшүүлэхэд сургалтын төлөвлөгөөн дэх “Багш зохицуулах цаг”-ийг үр өгөөжтэй ашиглан агуулгын хоцрогдолгүй сургах,

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тогтмол хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлж сургуульд бэлтгэх ажлыг эцэг эх, асран хамгаалагч, нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоонд суурилан үр дүнтэй зохион байгуулах,

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлж, сурах бичгээр бүрэн ханган, ашиглалтыг сайжруулах,

“Авьяас”, “Номын гэгээ”, “Хүүхэд бүр цэцэрлэгт”  дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сурагчдын эх хэлээрээ уншиж ойлгодог, утга төгөлдөр ярьж бичдэг, зохион найруулах, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах,

Сургалтын байгууллагын орчныг аюулгүй байдлын стандарт, шаардлагад нийцүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, байнгын хяналт тавих зэрэг зорилт дэвшүүлсэн юм.

-Энэ хичээлийн жилд сургууль, цэцэрлэг нийт хэчнээн багш, суралцагчтай үйл ажиллагаа явуулах вэ?

-Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 19836 сурагч хичээллэж, 1239 багш ажиллах бөгөөд төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 7600 гаруй хүүхэд хамрагдах, 690 гаруй багш, ажилтан ажиллахаар байна. Энэ хичээлийн жилд зургаан настай бүх хүүхдийг нэгдүгээр ангид бүрэн хамруулах зорилт дэвшүүлснээр 2322 хүүхэд сурч хүмүүжинэ. 

-Цаашид ямар ажлыг төлөвлөж байна вэ? 

-Хичээлийн шинэ жилд багш нарын онолын болон арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч бага анги, математик, физик, хими, биологи, гадаад хэлний багш нарын вакуумжуулсан сургалт хийж, баруун бүсийн математикийн олимпиад, улсын физикийн 33 дугаар олимпиадыг аймаг орон нутагтаа зохион байгуулна.


Холбоотой мэдээ