Мөнгөнморьт сум сургуулийн орчноо бүрэн камержуулжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-09-04 16:45:10

Төв /МОНЦАМЭ/. Мөнгөнморьт сумын сургуульд энэ онд орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-аас 160 сая гаруй төгрөг, улсын төсвөөс 4,5 сая, БСШУСЯ,  Дэлхийн банкнаас 6 сая төгрөгийн хөрөнгө гаргаж засвар, үйлчилгээ хийжээ.

Тухайлбал, сургуулийн спорт заалны шалыг 25 сая, сантехникийн засварыг 65 сая, халаалтын тогоог 18,5 сая төгрөгөөр сольж,  сургуулийн дээвэр, гадна пасадны засварын ажлуудад 60 сая төгрөгийг зарцуулжээ.  

БСШУСЯ, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар "Багшийн хөгжлийн төв"-тэй болж, багш нар ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлж, хөгжих таатай орчинг бүрдүүлсэн байна.

Харин улсын төсвийн 4,5 сая төгрөгөөр сургуулийг иж бүрэн камержууллаа гэж тус сургуулийн захирал Н.Рэнцэндорж мэдээлэл өглөө.
Энэ хичээлийн жилд 17 багш, 19 ажилчин, 247 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулах бол аймгийн 3 удаагийн аварга Мөнгөнморьт сумын Хэрлэн цэцэрлэг 7 багш, удирдах ажилтан, 19 ажилчинтайгаар 5 бүлэгт 139 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулах аж.

Сургуулийн дотуур байрандаа 11 тасагт 52 хүүхэд авахаар бэлтгэлээ хангажээ.

Холбоотой мэдээ