Хотын захирагч боловсролын байгууллагуудаа анхаарч дэмжин ажиллана

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-05 17:00:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат ЕБС, СӨБ-ын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Энэ үеэрээ цаашид хэрхэн хамтарч ажиллах, сургалтын чанар хүртээмжийг сайжруулахад юуг анхаарах, орон нутгийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон байна.

Уг уулзалтаар ЕБС-уудтай сурагч нэг бүрийг хамруулдаг "Массын олимпиад"-ыг илүү боловсронгуй болгон үргэлжлүүлэх, багш нарын ур чадварыг сайжруулах сургалтыг тус тус зохион байгуулах, нийгмийн асуудалд анхаарах зэргээр хамтран ажиллахаар болжээ.

Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хувьд 2019-2020 оны хичээлийн жилд багш нарын ур чадварын уралдааныг бүх бүлэг, туслах багш нарын дунд зохион байгуулах, тогооч нарыг эрүүл хооллолтын сургалтад хамруулах мөн багш, ажилчдын нийгмийн асуудалд анхаарах, багш нарын ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж хамтран ажиллахаар болсон байна.

Холбоотой мэдээ