Монгол Японы банкууд хамтын ажиллагааг баталгаажуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-11 10:37:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы бизнес түншлэлийн уулзалт өчигдөр “Шангри Ла” зочид буудалд боллоо.

Уулзалтыг Монголын Худалдаа Хөгжлийн банк (ХХБ) болон Япон Мизүхо банкны Обихиро салбар хамтарч хоёр орны эдийн засаг, худалдааг хөгжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Уулзалтаар Мизүхо банкны харилцагчид болох Японы Хоккайдо мужийн төлөөлөл, улсдаа томоохонд тооцогдох Японы “Окамото групп, Вада Нооэн, Цүчия дэйри экюпмэнт зэрэг 8 компаний төлөөлөгчид ХХБ-ны харилцагч 15 компанийн төлөөлөлтэй уулзан харилцан ярилцаж, бизнесээ танилцууллаа.


ХХБ-ны Япон улс дахь Төлөөлөгчийн газрын дарга Үчида Хажимэгээс уулзалтын талаар тодруулахад “Энэхүү уулзалтын дүнд хоёр талаас бизнесийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэж найдаж байна. ХХБ-ны хувьд Монголын компаниудад хөрөнгийн зээл болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн Мизүхо банк баталгаа гаргаж өгч байгаа юм. Ингэснээр хоёр улсын компаниуд экспорт, импорт дээр төлбөр тооцооны хувьд ямар нэг саад бэрхшээлгүйгээр бүтээгдэхүүнээ харилцан нийлүүлэх боломжтой болно. Энэ нь хоёр улсын худалдааны эргэлтэд эерэгээр нөлөөлнө гэж харж байна” гэв.

Тэрээр “Монгол бол Зүүн өмнөд Азийн орнуудаас зах зээл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргээр ялгаатай, олон онцлогтой орон. Зах зээл жижиг боловч Монголд Японд сурч боловсорсон, япон хэлтэй боловсон хүчин олон байдаг тул наад зах нь хэлний саад бэрхшээл үгүй. Японы жижиг үйлдвэрлэлийнхэн Монголын энэ мэт онцлогтой зүйлүүдийг олж харж мэдээсэй” хэмээн ярилаа.


Үүний өмнө Японы “Чиба” банк мөн Монголд бизнес уулзалт болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа ийнхүү Японы бас нэг банк “Мизүхо” хоёр орны хамтын ажиллагаанд нэмэгдэн орж ирлээ. Энэ бүх үйл ажиллагаа нь хоёр орны бизнес, худалдаа эрхлэгчдийг холбож, тэднийг санхүү, хөрөнгөөр дэмжин ажиллахад оршиж байна.

Т.Наранмандухай

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ