Г.Уянга: Жагсаалтаар сонгогддог 28 гишүүний мандатыг бүгдийг тойрогт хуваах нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-08 13:23:46

УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Сарангэрэл нар Үйл ажиллагааны түрээсийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улс шинээр төрөн гарах үйл ажиллагааны түрээсийн харилцааг түрээслэгч, түрээслүүлэгч талдаа харилцан ашигтай, эрх ашгийг нь хамгаалсан, нарийн асуудал бүрт зохицуулалт оруулж байгаагаараа энэ хууль онцлогтой юм. Энэ хуулийн талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгатай цөөн хором ярилцлаа.  

-Үйл ажиллагааны түрээсийн хууль баталснаар хичнээн иргэний эрх ашиг хамгаалагдах вэ?

-Манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийн бараг тэн хагас нь түрээсийн дарамтад байдаг. Өөрөөр хэлбэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. Олон хүн түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүйгээс аж ахуйгаа өргөжүүлж чадахгүй, өсч дэвжиж чадахгүй байгаа нь үнэн. Барьцаа хөрөнгө нэрээр зуу, зуун саяар нь иргэдээс мөнгө хүүлж түүнийгээ эргэлдүүлдэг хүмүүс ч байна. Тиймээс энэ харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа нь судалгаанаас харагддаг. Орон сууц түрээслэж буй иргэдэд ч олон асуудал тулгарч байгаа. Тухайлбал түрээсийн үнийг тогтоох зохицуулалт байхгүйгээс иргэд орлогынхоо 75 орчим хувийг түрээсийн төлбөртөө өгч байна.  Энэ мэт түрээсийн харилцаанд олон асуудал, гажуудал үүсдэг.

-Хуулийн онцлог, ач холбогдлын талаар?

-Гурван бүлэг 21 зүйлтэй энэ хуульд бизнесийн нэр хүнд буюу “гүүдвил”, мэдээллийн тэгш бус байдал, түрээсийн барьцаа, түрээслүүлэгч, түрээслэгчийн хамтарсан дүгнэлт, түрээсийн төлбөр, түрээсийн гэрээний бүртгэл, зуучлагч зэрэг олон харилцааг онцгойлон анхаарсан. Түрээсийн үнийг хэрхэн тогтоож байгаа үндэслэл гэхэд тодорхойгүй байдаг. Монголд газар бараг 99 хувь нь төрийн өмч буюу бидний өмч. Гэтэл түрээслүүлэгч нь адилхан дундын өмчөөсөө хэт давуу байдлаар ашиг олж байгаа нь шударга бус шүү дээ. Тиймээс түрээсийн үнэ хэрхэн бүрэлдэх талаар судалгаа хийж, томъёолол гаргаж ирж байгаагаараа ач холбогдолтой. Мөн түрээсийн гэрээнд нарийн зохицуулалтууд оруулахаар зааж байна. Үүнээс гадна “чадамжийн үнэлгээ” гэдэг цоо шинэ нэр томъёог гаргаж ирж байна. Энэ нь тухайн түрээслэгч хотын төвд өндөр түрээс төлөөд үйл ажиллагаа явуулах бололцоотой юу гэдгийг үнэлнэ гэсэн үг. Мөн орон сууц түрээслэгч өрхийн орлогоосоо амьжиргааны зардлын доод хэмжээг хассан үлдэгдлийн 50 хувиас хэтрэхгүй төлбөр төлдөг байх ёстой гэх мэтээр үнэлэх юм.

-Түрээсийн даатгалын асуудал мөн энэ хуульд орж байгаа гэсэн?  

-Түрээсийн баталгаа, даатгал бол их чухал асуудал. Жишээ нь “Бөмбөгөр” зах, “Нарантуул” захад гал гарч, шатахад хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байдал үүссэн. Тиймээс даатгалыг энэ харилцаанд заавал оруулж өгч, иймэрхүү гэнэтийн осол, аваар, гал гарахад хуулийн дагуу зохицуулахаар тусгах гэж байгаа.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар санаачилсан гишүүдийн нэг нь та. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Сонгуулийн жагсаалтын тоог хасч, тойргуудад мандат нэмэх зорилгоор Ш.Түвдэндорж болон миний бие зэрэг 10 гаруй УИХ-ын гишүүн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж Засгийн газарт өгсөн байгаа. Тойрогтоо ажиллаж байхад иргэд “жагсаалтаар гишүүд сонгодогийг болиулаач”, “жагсаалтын гишүүдийг УИХ-ын гишүүд тооцохгүй” зэрэг бухимдал, шаардлагыг маш их тавьдаг. Өмнөх чуулганаар хөдөөний тойргоос хотын тойрогт мандат нэмэхээр хууль хэлэлцүүлсэн ч бүтээгүй. Гэхдээ жагсаалтыг ямар ч байсан багасгах нь зөв. Уг нь бол жагсаалтаас нэг ч гишүүн сонгогддоггүй байх ёстой. Хэрэв боломжтой бол би энэ саналаа оруулж, жагсаалтаар сонгогддог 28 гишүүний мандатыг бүгдийг нь тойрогт хуваана гэж бодож байгаа.

-Жагсаалтаас хэдэн мандат хасахаар хуулийн төсөлд тусгаж байгаа юм бэ?

-Ямар ч байсан хотын тойргуудад нэг, нэг мандат нэмэх ёстой гэж үзэж байгаа.

-Сонгууль болоход хоёр сар дутуу байхад хуульд өөрчлөлт оруулах нь хэр оновчтой бол?

-Өмнөх хуульд сонгуулийн санал өгөх өдөр хүртэл 6 сарын хугацаанд хуульд өөрчлөлт оруулахыг хориглодог байсан. Харин сая баталсан шинэ хуульд энэ заалтыг байхгүй болгосон. Энэ бол буруу зүйл биш. Сонгуулийн өмнө сайжруулах шаардлагатай онцгой нөхцөл үүсвэл өөрчлөх нь зөв.  

-Та өчигдөр МҮАН-ынхаа гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Яагаад ийм шийдвэр гаргав?

-Монгол Улсын төр 25 жил буруу тийшээ явчихсан, болохоо байсан, одоо яах вэ гэсэн асуулт хүн бүрт байна. Би төрийн бүтцийг 25 жилээр нь үнэлэлт дүгнэлт өгч шүүмжилж байгаа юм. Харин зүгээр шүүмжлээд л байх уу, эсвэл өөр ямар сонголт санал болгож байна вэ гэдгийг олох улс төрчийн хувьд чухал үйлдэл. Тэр утгаараа надад болохгүй байна гээд сууснаас яавал болох вэ гэдэг санал хувилбараа тусгах, өөр сонголтыг санал болгох нь илүү чухал байсан.  Тиймээс би ийм шийдвэр гаргасан.

-МҮАН-аас дэвшиж гишүүн болсон хүн бүрэн эрхээ дуусгаагүй байж ийм шийдвэр гаргаж байгаа нь буруу гэх шүүмж бас байна?

-Тэр бол харж болох нэг л өнцөг. Гэхдээ энэ бол үндэслэлтэй шүүмжлэл биш.   

-Өөр намд элсэх бодол байна уу?

-Одоо яалт ч үгүй хугацаа тулж байгаа учир ойрын хугацаанд шийдвэр гаргахыг шахаж байгаа. Тухайн үедээ нийтэд мэдэгдэнэ.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ