МСҮТ болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг ургац хураалтад оролцуулах санал хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-09-14 15:21:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариалантай танилцлаа.

Тус сумын нутагт газар тариалан эрхэлж буй Ш.Рэнцэндорж ахлагчтай Улсын аварга тариаланч хамт олон энэ жил 1800 га-д улаанбуудай, 142 га-д тэжээлийн ургамал, 500 га-д тосны ургамал тариалснаа Ерөнхий сайдад танилцууллаа.

Энэ намрын ургац хураалтад гарч байгаа нэг бэрхшээл нь ажиллах хүч дутаж буй байдал гэдгийг тариаланч Ш.Рэнцэндорж хэлж байна. Уг нь жил жилийн ургац хураалтад оюутнууд оролцдог. Мөн сүүлийн жилүүдэд цэргүүдийг оролцуулах болсон. Энэ жилийн хувьд, ургац хураалтын ажилд оролцох цэргийн тоо буурчээ. Учир нь, цэргийн алба хаагчдыг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах болсноор ийнхүү ургац хураалтын ажилд оролцох цэргийн тоо цөөрсөн гэж байна. Үүнтэй холбоотойгоор газар тариалангийн бүс нутгуудад түр ажлын байр олноор нэмэгдэх болжээ.

Төв аймгийн хэмжээнд гэхэд ургац хураалтын үеэр 1700 орчим ажиллах хүч хэрэгтэй байгаа аж. Тиймээс тус аймгийн удирдлагууд МСҮТ болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг татан оролцуулах саналыг БСШУЯ-нд хүргүүлжээ. Намрын ургац хураалтад оролцох нь сонирхож буй бүх хүнд нээлттэй юм байна.

 

Холбоотой мэдээ