Өмнийн говьд шилдэг магтаалчид хуран чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-23 18:41:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар санаачлан “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт” болон “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг өөрийн нутагт зохион байгуулахаар болжээ.

21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөөлч, магтаалч нар зөвлөлдөж, ур чадвар, туршлага солилцох уг уралдаан энэ сарын 23, 24-ний өдөр болох аж.  

2018 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын Хүй долоон худагт зохион байгуулсан Соёлын биет бус өвийн улсын их наадамд Өмнөговь аймаг амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан юм. Үүндээ урамшаад 2019 оныг Өмнөговь аймаг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж соёл, урлаг, соёлын өвийг хамгаалах, уламжлуулах, сэргээх тал дээр, соёл урлагийн хүний нөөц, өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх талаар онцгой анхаарч амжилттай ажиллаж байгаа аж. Монгол туургатан улс үндэстэнд анх эх хэл, аман уламжлалын соёл  үүсэж  хөгжсөн.

Монголчууд үгийг шидтэй гэж үзэн бэлгэгүй үг хэлэхгүй байх, амны бэлгээс ашдын бэлгэ хэмээж уран цэцэн зүйр үгээр хүнийг  хүмүүжүүлж, тэр дундаа магтаалын төрлийг илүү хөгжүүлсэн уламжлалтай.  Ерөөлч, магтаалч хүн гурван цагийн хэлхээнд байгаль, сав шим ертөнц, хүмүүний ахуй амьдралын бүхий л явдлыг авч үзэн дүгнэж, ашдын замыг засдаг авьяастнууд байдаг.

Холбоотой мэдээ