Ерөнхий сайд жижиглэн худалдаа эрхлэгчидтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-25 17:50:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Худалдаа эрхлэгчдийн холбоо, Баянгол дүүрэгт худалдаа эрхлэгч иргэдийн “Эвсэг холбоо”, ТҮЦ эрхлэгчдийн холбооны удирдлагууд болон иргэдийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтад оролцсон иргэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, торгуулийн доод, дээд хэмжээг нарийвчлан заах, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Жижиглэн худалдаа эрхлэгч иргэд арилжааны банкнаас зээл авах шалгуур хангадаггүй учир аргагүйн эрхэнд өндөр хүүтэй өдрийн зээл авдаг байна. Мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд ихээхэн дарамт болж байгааг хэллээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх жижиглэн худалдаа эрхэлж байгаа иргэдээ дэмжих ёстой хэмээгээд торгохоо урьтал болголгүй, анхааруулж сануулдаг байх, хууль, дүрэм, журмыг сурталчлан таниулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Жижиглэн худалдаа эрхлэгчид, холбоодын төлөөллийн тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломж, гарцыг долоо хоногийн дараа эргэн танилцуулахыг мөн санууллаа.


Уулзалтад УИХ-ын Тамгын газар, НЗДТГ, Санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын удирдлагууд оролцов.

Холбоотой мэдээ