Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайхын замыг чанартай хийж дуусгахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-28 12:47:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлын явцтай танилцав.

Одоогийн байдлаар, далангийн ажил 95 хувьтай байгаад бөгөөд 11 км замыг асфальтаар хучаад байна. Энэ жил бороо их орсноос 29 хоног алдсан тухай Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа. Гэхдээ ирэх сарын 10-нд цементэн хучилт, 20-нд асфальтон хучилтаа дуусгаж 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой гэв.

Ашиглалтад орсноос нь хойш 60 жилийн дараа иж бүрэн шинэчилж буй энэхүү замын ажлыг хугацаанд нь, хамгийн гол нь чанартай хийж дуусгахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа. Бороо орж ажил удааширсан, тоос их босож хүндрэл учруулж байгаа ч иргэд үүнийг ойлгож хүлээцтэй хандана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Энэхүү зам 70 см зузаан, 26-28 метр өргөн, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм. Замыг ашиглалтад оруулснаар өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл зорчино гэсэн тооцоо гарсан байна.

Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Синохайдро Корпорэйшн Лимитед”, туслан гүйцэтгэгчээр “Дарданговь”, “Тэгш плант”, “Гашууны гол” зэрэг компани ажиллаж байгаа аж.

 

 

 

Холбоотой мэдээ