Үлэг гүрвэлийн олдвор буцаан авах гэрээнд гарын үсэг зурав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-09-29 17:58:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурлаа.


Гэрээний дагуу хууль бусаар хил дамнан гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг өмчлөх эрх манай улсад шилжиж байгаа юм. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов.


Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 26-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкертэй уулзав. Ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, шинэ гадаад орчин, нөхцөл байдалд олон улсын дэмжлэгийг олж авахад АНУ манлайлан оролцож, манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархаж явдагаа уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд илэрхийллээ. Ж.Бейкер нь АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн, гурван Ерөнхийлөгчийн үед Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны сайд, Сангийн сайд, Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр 1990, 1991 онд Монгол Улсад айлчилж байсан.


Мөн өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Вашингтон хотноо Монгол Улсын Соёлын элч “The Hu” хамтлагтай тоглолтынх нь өмнө уулзаж орчин үеийн урлагийг монгол соёл, уламжлалын онцлогтой хоршуулан олон улсад эх орноо сурталчилж байгаад нь баяр хүргээд АНУ-д хийж буй аялан тоглолтод амжилт хүслээ.

Холбоотой мэдээ