Аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс засал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-11 19:26:49

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт маргааш дурангийн мэс засал хийнэ. Өнөөдөр Францын “Аксион Монголи” нийгэмлэг тус эмнэлэгт 390 гаруй сая төгрөгийн өртөг бүхий дурангийн мэс заслын тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд үүгээр хийх мэс заслын анхныхыг  маргааш ийнхүү эхлүүлэх юм.

Мэс заслын тасгийн их эмч Г. Бат- Оршихоос энэ тухайд тодруулахад, цөс болон эвэрхийн мэс заслыг 4,  эмэгтэйчүүдийн мэс заслыг хоёр хүнд хийнэ гэлээ. Тэрээр өнгөрсөн намар Францын Леон хотод дурангийн мэс заслаар мэргэшин суралцаад ирсэн бөгөөд мөн тус тасгийн эмч Энхзориг, сувилагч Бямбасүрэн нар ч Клиникийн 1 дүгээр эмнэлэгт энэ чиглэлээр сурч дадлагажжээ.

Франц улсын “Аксион Монголи” нийгэмлэгийн гишүүн, мэс заслын эмч Жак Лагоутт хэлэхдээ, “ Маргааш хийх мэс заслыг Франц эмч нар болон Монголын эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын нийгэмлэгийн гишүүд хийхгүй. Орон нутгийн эмч нар бие даан хийнэ. Харин бид мэс заслын үеэр зөвлөн тусалж ажиллах юм” гэв.

 Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ