Дэлхийн яруу найрагчдын 39 дүгээр их хурал Энэтхэгт болж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-10-03 15:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найрагчдын 39 дүгээр их хурал Энэтхэг улсын Одиша мужийн  Буванишвар хотод болж байна. Өчигдөр  "Дэлхийн яруу найрагчдын 39 дэх Их хурал нээлтээ хийв. 82 орны 1300 гаруй яруу найрагч нээлтэд оролцож байна. Энэ жилийн их хуралд 700 гаруй залуу яруу найрагч оролцож байгаа нь өмнөхөөс өвөрмөц, содон болж буйг их хурлын нээлтээр онцоллоо.


Өнөөдөр тус хот дахь Kалинга Их сургуульд Махатма Гандийн 150 жилийн ойд зориулсан хөшөөг нээсэн байна. Хөшөөний нээлтээс гадна гурван номын санг зэрэг нээх ёслол боллоо. Нэг дэх нь "Махатма Ганди" номын сан, хоёр дахь нь "Яруу найраг" номын сан,  гурав дахь нь "Хүүрнэл зохиол" номын сан байв. Эдгээр ёслолд 300,000 оюутан оролцож, Махатма Гандийн утга зохиолын анхны шагналыг Энэтхэгийн залуу зохиолч Бхабаханда Ашаряад гардууллаа гэж тус хуралд оролцож байгаа Монголын залуу яруу найрагч Т.Начин мэдээллээ. Дэлхийн яруу найрагчдын их хуралд Монгол Улсаа төлөөлж Дэлхийн соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч С.Начин, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар нар оролцож байна.

Энэтхэгийн парламентын гишүүн, профессор Ашаята Саманта энэхүү дэлхийн яруу найргийн 39 дүгээр хурлыг удирдан зохион байгуулж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ