Айлын хотонд буга иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-08 15:40:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар сумын тавдугаар багийн нутагт малчин айлын хотонд буга иржээ. Тус айлын хот хавиар 2-3 цаг орчим эргэлдэн, хэсэг хэвтэж байгаад явсан гэнэ. Ийм үйл явдал өмнө нь болж байгаагүй бөгөөд ганц буга гэнэт ирсэн учир одоогоор холбогдох хүмүүс бугыг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Ганц буга гэнэт хотонд орж ирлээ гэх мэдээллийг малчин ирүүлсэн. Одоогоор бугыг хайж байна. Хаанаас ирснийг нь тогтоогоод, цаашид сумынхаа Дарханхаан ууланд нутаглуулах бодолтой байгаа. Бидний бодож буйгаар энэ буга Түмэнцогт сумын Хар ямаатын уулнаас гүйж ирсэн байх магадлалтай. Малчны хэлж буйгаар буга харуй бүрий болохоор хойшоо чиглээд давхисан гэсэн. Тэгэхээр буцаад нутаг руугаа гүйсэн байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч бид малчид, иргэдэд зар мэдээллийг түгээж, хэрвээ бугатай таарах юм бол хөөж туухгүй байхыг анхааруулсан гэж Сүхбаатар сумын Байгаль орчны улсын байцаагч С.Ганбулган  ярилаа.

Тус аймгийн Түмэнцогт сумын Хар ямаатын ууланд өдгөө 20 орчим буга нутагладаг ажээ.

 

Холбоотой мэдээ