Орхон аймагт сүүлийн есөн сард халдварт өвчнөөр өвчилсөн 693 тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-10-11 20:27:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Төрийн болон хувийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Тэмбүүг устгая” сэдэвт сургалт боллоо.  

Сургалтын гол зорилго нь тэмбүү өвчнийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагын үүрэг оролцоог хангахад чиглэгджээ. Уг сургалтыг ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМТ, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар хамтран хоёр өдөр зохион байгууллаа.

Тэмбүү өвчин нь гурван үе шаттай бөгөөд хэрэв гуравдугаар үе шатандаа илэрвэл эмчлэгдэхэд хүнд бөгөөд дотор эрхтнүүдийг өвчлүүлж амь насанд нь эрсдэл учирдаг байна. Иймд аль болох эрт илрүүлэхэд ЭМЯ-наас анхаарч ажиллаж байгаа аж. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд үзлэг, оношилгоондоо эрт хамрагдаагүйгээс тэмбүү өвчтэй гэдгээ сүүлд мэдэх тохиолдол цөөнгүй гарч байгааг анхаарууллаа. Тэмбүү өвчин нь зөвхөн бэлгийн замаар халдварладаг тул залуус бэлгийн боловсролдоо анхаарч бие биедээ үнэнч байхыг эмч зөвлөж байна. Түүнчлэн улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй төрж буй хүүхдийн тоо буурахгүй байгаа гэлээ. Хэрэв халдвар авсан эмэгтэй эмчилгээ хийлгэлгүйгээр жирэмслэвэл урагт халдах халдвар 60-70, төрсөн хүүхдийн 35-45 хувь нь төрөлхийн тэмбүүтэй төрөх эрсдэл байгааг онцолсон юм.

Орхон аймагт сүүлийн есөн сарын байдлаар халдварт өвчнөөр өвчилсөн 693 тохиолдол байгаагаас 17.9 хувийг тэмбүү эзэлж байна.

 

Холбоотой мэдээ