Каталонид болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 орчим хүн бэртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-19 09:54:17

БАРСЕЛОНА. /TASS/. Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчдийн эсэргүүцлийн ажиллагаануудын үеэр 89 хүн бэртсэн тухай “El Pais” сонин мэдээлэв.


Бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь Барселонад болсон эсэргүүцлийн үеэр бэртэл авчээ. Каталонид өнгөрсөн баасан гарагт бүх нийтийн ажил хаялт эхэлсэн юм. Олон хотод жагсаал цуглаан болсон хэдий ч хамгийн өргөн хүрээтэй жагсаал Каталонийн нийслэлд болсон байна. Хотын төвийн цагдаагийн газрын ойролцоо болсон жагсаал цуглааны үеэр жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн бөгөөд хууль сахиулах байгууллага нулимс асгаруулагч хий ашигласан байна. Урьдчилсан мэдээллээр, Барселонад 31 хүн баривчлагдан саатуулагджээ.


Тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулахад холбогдсон Каталонийн улс төрчдөд шийтгэл ногдуулах тухай шүүхийн шийдвэрийг Испанийн Дээд шүүх өнгөрсөн даваа гарагт гаргасан бөгөөд тэдэнд 13 хүртэлх жилээр хорих ял оноожээ. Үүний дараа Барселонад жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм. Каталонийн Засгийн газрын орлогч дарга асан Ориол Жункераст хамгийн хүнд шийтгэл буюу 13 жил шоронд хорих ял оноожээ.

Холбоотой мэдээ