Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болов

Хилийн чанадаас
batbold.sh@montsame.gov.mn
2019-10-22 15:49:25
@ShoovdorBatbold

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ойг тэмдэглэх хүндэтгэлийн ёслол  энэ сарын 16-ны өдөр Бээжин хотноо боллоо.  


Ёслолыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын Ардын Гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын талаас Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Д.Ганхуяг, Монгол Улсын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид, Хятадын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилин, Хятадын Ардын Гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Сүн Жин Ү, ГХЯ-ны Азийн газрын дэд дарга Шюе Жянь тэргүүтэй хоёр орны төлөөлөгчид болон бусад улсын ЭСЯ-дын дипломатчид оролцсон юм.


Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 70 жилд мөнхийн хөрш манай хоёр орон түүхэн сорилтуудыг хамтдаа даван туулж, нэг нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, харилцан дотоод хэрэгт үл оролцон, эрх тэгш, харилцан ашигтай нөхцөлд энх тайвнаар зэрэгцэн оршиж, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэн иж бүрэн стратегийн түншийн харилцааны түвшин тасралтгүй батжиж ирсэнд баяртай байна. Ялангуяа, сүүлийн 30 жил хоёр орны хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, түүхэн чанартай шинэ үйл хэргүүд ар араасаа тохиож, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, хоёр орны харилцааг цоо шинэ өндөрлөгт гаргаж байна. БНХАУ-тай олон салбарт найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөж, иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлэхэд Монголын тал бэлэн байна” гэв.


Мөн БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилин хэлэхдээ “Монгол улс 70 жилийн тэртээд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улс орны нэг болж БНХАУ-д улс төрийн үнэтэй дэмжлэг үзүүлснийг Хятадын засгийн газар, ард түмэн зүрх сэтгэлдээ үүрд хадгалах болно. 70 жилийн турш бидний харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа тасралтгүй бэхжиж ирлээ. 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншийн харилцаа болгон шат ахиулснаар хоёр орны харилцаа түүхэн хөгжлийн хамгийн сайн сайхан цаг үедээ орсон билээ. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн бол, 2020 онд 10 тэрбум ам.доллар болгох зорилт тавьж байна. 70 жилийн турш бид "хөрштэйгөө найрсгаар харилцах” зарчмыг тууштай баримталж, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлснээр хоёр орны найрамдал тасралтгүй бэхжиж, иргэд хоорондын ойлголцол, харилцан итгэлцэл нэмэгдсээр байна. Дэлхий дахинд олон улсын харилцааны томоохон өөрчлөлт гарч байгаа хэдий ч хөрш орон Монгол Улстай найрсаг харилцаагаа үргэлжлэн хөгжүүлэхийг энэ тэргүүнд тавих бөгөөд Хятадын засгийн газрын байр суурь өөрчлөгдөхгүй. "Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ. Хятад, Монголын харилцаа улам хөгжиж, хоёр ард түмэн улам аз жаргалтай байх болтугай” гэв.


Түүнчлэн тус хүлээн авалтын үеэр БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Жан Шяомин, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёлын өв, археологийн хүрээлэнгийн захирал Цао Жянь-Энь, Бээжин хотын Чао-Ян эмнэлгийн урологийн тасгийн эрхлэгч Хань Шюү-Ү, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн профессор Ё Кэчэн, БНХАУ-ын кино найруулагч Ше Фэй, Өвөр Монголын их сургуулийн профессор Б.Балжинням, Шинжааны Бэйшин группийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Ван Жидүн нарт Алтангадас одон, Бээжин хотын Анжэнь эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн дэд эрхлэгч Сү Жюнь-Ү, БНХАУ-ын Бээжин хот дахь Хятад-Монголын соёлын солилцооны төвийн захирал Д.Мөнхбаатар, Шинжааны Бэйшин группийн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийн дэд захирал Ц.Сайнбаяр нарт Найрамдлын одон, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Доод танхимын дарга, Дунд танхимын Ерөнхий шүүгч Хү Юүньтэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдэг, Хятадын Төв Радио Телевизийн Ази Африкийн төвийн гадаад мэргэжилтэн До.Болдхуяг, МИАТ ТӨХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Д.Бадрал нарын хүмүүст ЭСЯ-ны өргөмжлөл гардуулсан юм.


Хүлээн авалтын үеэр Монголын язгуур урлагийн тоглолтуудыг зочдод толилуулав.



А.Анхбаяр

Холбоотой мэдээ