NASA -гийн тэргүүн Дэлхий вангийн гарагийн статусыг сэргээхийг дэмжиж байна

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-29 15:17:49

НЬЮ-ЙОРК. /Forbes/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ тэргүүн Жим Брайденстайн Дэлхий вангийн гарагийн статусыг сэргээхийг дэмжиж байгаагаа Олон улсын сансрын нисэгчдийн их хурлын үеэр мэдэгджээ.


“NASA-гийн тэргүүний хувьд би Дэлхий ван бол гараг гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэхийг хүсэж байна” гэж тэрбээр цохон хэлсэн байна.


Одон орон судлаачид чухам тэнгэрийн ямар биетийг гараг гэж үзэх тухайд эртнээс маргалдаж байгаа юм. 1930 онд Америкийн эрдэмтэн Клайд Томбо Дэлхий ванг нээсний дараа сүүлт од, солир эвсэл од зэрэг тэнгэрийн биетүүдтэй адилгүй байсан учраас гараг гэж нэрлэжээ.


Одон орон судлаачид удаан хэлэлцсэний эцэст өөрийн татах хүчээр бөмбөрцөг хэлбэрээ хадгалахын тулд хангалттай масстай, Нарны аймагт оршиж байгаа биетийг гараг гэж үзэхээр болсон байна.


Одон орон судлаач Майкл Браун 2005 онд хэмжээгээрээ Дэлхийн вантай адил Эрид хэмээх биетийг олж илрүүлжээ. Үүний дараа одон орончид Цереру зэрэг Эридтэй төстэй биетүүдийг гараг гэж хүлээн зөвшөөрөх эсвэл Дэлхий ванг одой гарагуудын ангилалд оруулах гэсэн сонголттой тулгарчээ.


Олон жил маргалдсаны эцэст Олон улсын одон орон судлалын холбоо Дэлхий вангийн гарагийн статусыг цуцлах шийдвэрийг 2006 онд гаргасан байна. Гэвч энэ шийдвэрийг нээлттэй хэлэлцүүлгүүдийн үеэр үзэл бодлоо нэг бус удаа хамгаалж байсан гараг судлаач Алан Стерн зэрэг маш олон хүн эсэргүүцжээ.


Холбоотой мэдээ