Тайпэйн Олон улсын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалыг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-11-11 12:11:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Баттулгаар ахлуулсан ажлын баг Тайванийн Тайпэй хотноо энэ сарын 8-11-нд болж буй “Тайпэйн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн-2019”-д оролцож байна.


Энэхүү үзэсгэлэнд эх орныхоо үнэт өв соёл, үзэсгэлэнт сайхан байгаль, ан амьтан, өнө эртний нүүдэлчдийн соёлын өвийг таниулах зорилгоор Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, “МИАТ” ХХК, “Жуулчин” ХХК, “Нью жуулчин турс” ХК, Let’s Travel ХХК, Mongolia Trekking, Hotspot Travel зэрэг компани Монголын аялал жуулчлалын  онцлог, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлав.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Б.Баттулга, “Монгол орон бол өнө эртний аугаа түүхтэй, өвөрмөц содон нүүдэлчдийн соёлтой орон” гэдгийг тодотгов.

Монгол Улсаас Тайваньд суугаа төлөөлөгч Л.Золзаяа, “Жил бүр 16 сая гаруй тайвань иргэн гадаад улс орон руу аялж жуулчилдаг тул Тайванийн жуулчдыг Монгол оронд аялуулах нь маш ирээдүйтэй зах зээл юм” гэв.

Статистик мэдээллээс үзэхэд, өнгөрсөн 5 жилийн хугацаанд Тайваниас Монголд аялж буй жуулчдын тоо 2.2 дахин өсжээ. Тухайлбал, 2018 онд нийт 5233 тайвань иргэн Монгол оронд аялсан бөгөөд Тайвань жуулчдын тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.    

Тайваниас Монгол Улсад суугаа дэд төлөөлөгч хатагтай Янь Жу Лиэнь хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Монгол гадны жуулчдын хамгийн ихээр ирэх дуртай орон болж чадсан бөгөөд тэр дундаа тайваньчуудын анхаарлыг их татах болсон. 2019 оны эхний хагас жилийн байдлаар, тайвань жуулчдын тоо 30 хувиар өссөн нь бусад орны жуулчдын тоог тэргүүлж байна” гэв.


Энэ жил 27 дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийн 60 орны 1700 аж ахуйн нэгж оролцсон юм.


Холбоотой мэдээ