Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн хяналтын “Ээж” программыг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-16 11:45:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэл судалгааг хийж, жирэмсний болон төрсний дараах хяналтыг сайжруулж хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах, эх баригч нарын мэдлэг чадварыг сайжруулах зорилгоор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтын “Ээж” программыг нэвтрүүллээ.

Программыг ДЭМБ, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн анхан шатны эрүүл мэндийн 28 байгууллага, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт нэвтрүүлж, эх баригч нарыг сургалтад хамруулан, мэдлэг чадварыг сайжруулахад чиглэн ажиллаж байна.

Тус аймгийн хэмжээнд 15-49 насны эмэгтэйчүүд нийт хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа ба 10 хувийг зорилтот бүлгийн эмэгтэйчүүд эзэлж байна. Эх хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч, жирэмсний хяналт хангалтгүй, хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр байна. Жирэмсний эрт хяналтын хувь сүүлийн таван жилийн дунджаар 84,3 хувь буюу улсын дунджаас 0,4 хувиар бага байгаа гэнэ. Энэхүү программ нэвтэрснээр нөхөн үржихүйн насны 36000 эмэгтэйчүүдийн бүртгэл шивэгдэж эрүүл мэндийн байгууллагуудын хяналтад орох ажээ. 



Холбоотой мэдээ