Монголын шигшээ баг 1:0-ээр Мьянмарт хожигдлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-20 11:05:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шигшээ баг Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн тав дахь тоглолтоо Мьянмарын шигшээтэй мягмар гарагт /2019.11.19/  хийв. Мандалай хотын “Mandalar Thiri Stadium” цэнгэлдэхэд болсон тус тоглолтод мьянмарчууд 1:0-ээр өөрийн талбайдаа илүүрхлээ.


Мьянмарын шигшээ нутагтаа маш сайн тоглодог бөгөөд энэ тоглолтыг 17 мянга гаруй үзэгчид талбайд ирж үзжээ. Японы шигшээд өөрийн талбайдаа 0:2-оор ялагдсан мьянмарчууд хэдхэн хоногийн өмнө Тажикистаныг 4:3-аар ялж, урьдчилсан шатны анхны ялалтаа авсан бол Монголын шигшээ Камбожийн шигшээтэй тоглон 1:1-ээр тэнцээд Мьянмарыг зорьсон. Ижил гурван оноотой энэ 2 багийн хувьд ялсан нь 2023 оны Азийн АШТ-ий дараагийн шатанд шалгарах боломж байгаа юм.


Мьянмарын баг 3 дараалан ялагдаад шигшээ багийн дасгалжуулагч Миодраг Радуловичийг халж, дасгалжуулагч Германы мэргэжилтэн Антуан Хейг дахин авчирсан нь тэдний хувьд ашигтай болов. А.Хей 2018 оны Азийн цомын АШТ-д амжилтгүй оролцсон. Харин энэ удаа багийн тоглолтыг ахиуллаа.


Тоглолтын эхэнд Мьянмарын баг давамгайлж 17 дахь минутад Монголын багийн хаалганд гоол оруулсан. Хагас хамгаалагч Хлаинг Бо Бо торгуулийн талбайн гаднаас цохиж, энэ хожлын бөмбөгийг хийсэн юм. Монголчууд гоол оруулахыг хичээсэн боловч тэнцүүлж чадалгүй цаг дуусав. Монгол Мьянмарын шигшээ баг дөрвөн удаа таарахдаа ийнхүү тус бүр хоёр хожилтой болж байна.  


F хэсгийн нөгөө тоглолт Бишкект болж, Киргизийн шигшээ, Тажикистаны шигшээ багтай 1:1–ээр тэнцлээ. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсэгт Японы баг 12 оноотой тэргүүлж, Киргиз, Тажикистаны шигшээ багууд адилхан 7 оноотой нэхэж байгаа юм.




Холбоотой мэдээ