Бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн ч 11 хувьд хэвээр хадгаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-20 16:45:22
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар эдийн засгийн өсөлт болон зээл олголт саарч буйтай холбоотой бодлогын хүүг бууруулах хувилбарыг хэлэлцсэн ч төсвийн гүйцэтгэл, гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа.


Түүнчлэн банкны төгрөгийн заавал байх нөөцийн хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалсан бол төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байх нөөцийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувиар тогтоох шийдвэр гаргасныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.


Өнгөрсөн 11 дүгээр сард инфляци улсын хэмжээнд 5.2 хувь болж буурсан, эдийн засгийн өсөлт оны эхний улиралд 8 хувь, 2-р улиралд 7 хувь, 3-р улиралд 6.7 хувь болж саарсан, түүнчлэн банкуудын зээл олголт буурсныг харгалзан үзэж бодлогын хүүг 0.5 хувир бууруулах хувилбарыг МБХ-оор хэлэлцжээ.


Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “ОУВС-ийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Хөтөлбөрийн хүрээнд улирал бүр үнэлгээний баг ирж ажилладаг ч  зургаа дахь удаагийн үнэлгээ хүлээгдэж байна. Активын чанарын үнэлгээний шаардлагын дагуу банкуудын нэмсэн хөрөнгийг өөрийн хөрөнгөөр тооцохгүй гэсэнтэй холбоотой банкуудын зээл олголт саарсан. 11 дүгээр сарын сүүлийн байдлаар банкны системийн олгосон зээл 8.6 хувийн өсөлттэй гарсан нь өнгөрсөн онд 20 орчим хувийн өсөлттэй байсантай харьцуулбал бага байгаа юм. Инфляци буурсан, эдийн засгийн өсөлт тогтворжсон, банкны секторын зээл олголт буурсантай холбогдуулан бодлогын хүүг 0.5 хувиар буруулах талаар ярилцсан ч оны эцсийн тоонуудыг нэгтгээд ирэх оны нэгдүгээр сард энэ асуудлыг дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ” хэмээв.


Холбоотой мэдээ