Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа жил өнжсөн өвсийг сумдад үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-15 20:27:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн онцгой комиссын 2020 оны анхдугаар хурал энэ сарын 14-нд боллоо. Хурлаар аймгийн өвөлжилтийн болоод цаг агаарын нөхцөл байдалтай комиссын гишүүд танилцсан юм. Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа жил өнжсөн өвсийг өвөлжилт хүндэрсэн сумдад үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

Аймгийн УЦУОШГ-аас өгч буй мэдээгээр Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувь цагаанаар зудархуу болж, цаашид долоон суманд өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсчээ. Үүнтэй холбоотойгоор зарим сумаас өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг аймгийн ХХААГ-т ирүүлсэн байна.  

Аймгийн аюулгүйн нөөцөд 480 тонн өвс, 9,6 тонн тэжээл үлдсэн. Энэ нь цаг хүндэрвэл хүрэлцэхгүй учир нөөцийг даруй нэмэгдүүлэх шаардлагатай аж. Мөн тус нөөцөд жил өнжсөн 600 гаруй боодол өвс бий. Үүнийг өвөлжилт хүндэрсэн сумдад үнэ төлбөргүй олгож, мөн одоо нөөцөд байгаа өвсийг зах зээлийн үнээс хямд буюу нэг боодлыг 4500 төгрөгөөр худалдаалах шийдвэрийг Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбаатар гаргасныг гишүүд дэмжив.


Засгийн газрын тогтоолоор аймаг, сум, малчид иргэд тус бүрдээ өвөлжилтийн бэлтгэлээ хангах ёстой. Гэвч энэ ажлын хэрэгжилт сумд болоод малчид, иргэдийн түвшинд хангалтгүй байсан. Одоо нөөцдөө өвс, тэжээлтэй сумд цөөхөн байна. Өөрсдөө бэлтгэлээ хангаагүй байж цаг хүндрээд ирэхээр улс, аймгийн нөөц рүү дайрдаг үзэгдэл байна гэдгийг аймгийн Онцгой комиссын орлогч дарга, ОБГ-ын дарга, хурандаа Э.Энхбаатар шүүмжилж байлаа.

 

Холбоотой мэдээ