Агаарын бохирдлыг багасгах чиглэлийн ажилтай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон өнөөдөр /2020.01.15/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг зарим байгууллагын ажилтай танилцаж үр дүнг нь хянав.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Мурат нар холбогдох албан тушаалтнуудын хамтаар эхлээд Чингэлтэй дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн “Дөлгөөн нуур-3” дундын баазад очлоо.
Үйлдвэрээс ачиж ирсэн сайжруулсан түлшийг 25 кг-ын шуудайд савлан түгээлтийн цэгүүд рүү эндээс хүргүүлдэг байна. Сайжруулсан түлшний хомсдол үүсээгүй, савлалт, түгээлт хэвийн байгааг холбогдох албан тушаалтнууд тайлбарлалаа.
“Дүүргүүдэд байрласан ийм дундын баазуудаас хоёр цаг тутам түгээлтийн цэгүүд рүү сайжруулсан түлш хүргэдэг. Харин түлш дууссан цэгт очсон иргэн сайжруулсан түлш тасарчихаж гэж ойлгоод байдаг” хэмээн тайлбарласан юм.
Сайжруулсан түлшний гялгар шуудайг хог болгож үлдээх үү, буцааж авч ашиглах уу гэдэг асуудал тулгамдаж байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг багасгах ажлын багийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар хөндөхөд, “Дахин хэрэглээний шаардлага хангахгүй учир буцааж авах боломжгүй байдаг. Харин дахин боловсруулж, өөр байдлаар ашиглах үндэсний төсөл хэрэгжүүлэх үү, эсвэл түлэхэд хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй савлагаатай болгох уу гэдэг асуудлыг ярьж байна, удахгүй шийднэ” гэв.
Мөн энэ үеэр албан тушаалтнууд Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад утаа болон PM 2.5 тоосонцрын үзүүлэлт эрс багассаныг тодорхой тоо баримтаар танилцууллаа.
Мөн “Таван толгой түлш” ХХК-ийн ажилтан “Сайжруулсан түлшнээс өдөрт хоёр удаа дээж авч, шинжилж байна. Хүний эрүүл мэндэд хортой бодис илрэхгүй байгаа” гэсэн мэдээлэл өгөв.
Дараа нь хийн халаалтыг иргэдэд танилцуулах сургалт явуулж буй Чингэлтэй дүүргийн мэдээлэл, инновацын төвд очлоо. Улаанбаатарын агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хувийн хэвшлээс хийж байгаа ажлын нэг нь энэхүү “Хийн шийдэл” төсөл болох талаар энд яригдсан юм. Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын явц, үр дүнг хянах зорилгоор дараа нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны айл өрхүүдээр оров.
Иргэд энэ үеэр сайжруулсан түлшээ түлэх дуртай болсон, түүхий нүүрснээс илч сайтай, тортог бага гардаг. Картаараа долоо хоногт арван шуудай түлш авах эрхтэй байдаг. Тэдгээрийн 7-8 шуудайг нь түлээд, илүү гарсныгаа нөөцөлдөг гэж ярьж байв.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг энэ долоо хоногоос айл өрхүүдэд суурилуулж эхэлсэн бөгөөд энэ сардаа багтаж суурилуулж дуусна. Хэрэглээний стандарт манай улсад нэвтрээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд стандартаа батлуулаад, одоо суурилуулж эхэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тайлбарлав.
Дараа нь нам даралтын уурын зууханд тавьсан шүүлтүүр утааг багасгахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна уу гэдгийг хянахаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байдаг “Түвшин Ундраа” ХХК-д очлоо. Уурын зуухны галч “Гал дөнгөж ноцож асч байхад бага зэрэг утаа гардаг, ассанаасаа хойш огт утаа мэдрэгддэггүй” гэв.
Улаанбаатар хотын дэд бүтцэд холбогдоогүй хэсэгт байрладаг 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьжээ. Ирэх өвлөөс нам даралтын уурын зуухтай аж ахуйн нэгжүүдэд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг Хотын дарга саяхан гаргасан. Хийн болон цахилгаан халаалтад шилжих, эсвэл сайжруулсан шахмал түлшээ хэрэглэх болно гэдгийг холбогдох албан тушаалтнууд энэ үеэр танилцууллаа.
Эцэст нь Хан-Уул дүүрэгт байрладаг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүр агаарын бохирдлыг багасгахад эергээр нөлөөлөх ажил болж чадсан уу гэдгийг сонирхсон юм.
Энэ үеэр тус нэгтгэлийнхэн зорчигч тээврийн 10 цахилгаан автобусыг хотын төвийн чиглэлд үйлчилгээнд гаргахад бэлэн болгосон талаар ярилаа. Уг цахилгаан автобусыг 15 минутын хугацаанд зориулалтын цэгээс бүрэн цэнэглэснээр хүйтний улиралд 85 км, дулааны улиралд 200 км явах чадалтай. Туршилт үр дүнтэй болбол нэмж цахилгаан автобус оруулж ирнэ гэв.
Ийнхүү ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг багасгах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг утаа, агаарын бохирдлыг багасгах чиглэлээр төр засгаас судалж, хэрэгжүүлэн хийж байгаа ажил бүхэн зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байгааг дурдаад, цаашид сайн технологиудыг олж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Үр дүнд нь ирэх жилүүдэд зөвхөн Улаанбаатар гэлтгүй төвлөрөл ихээр үүссэн аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд агаарын бохирдлыг багасгах ажлыг эрчимжүүлнэ.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр гаргасан 01 дүгээр тогтоолоороо утааг багасгахаар Засгийн газарт чиглэл болгосон олон чухал асуудал шийдэгдэж, ажил хэрэг болсон байна хэмээн тэмдэглэв. Тэрбээр мөн 2012-2106 онд агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хийсэн ажилд 750 тэрбум төгрөг зарцуулаад үр дүнд хүрээгүй. Ийм их мөнгийг үргүй зарцуулсан талаар аудитын дүгнэлт гарсан. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд 75 тэрбум төгрөгөөр хийсэн ажлын үр дүн утаанаас салах бүрэн боломж байгааг харуулж байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.