ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-16 18:47:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ноднин 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан. Уг жагсаалтаас гарахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлагатайг зөвлөсөн юм. Үүнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.


Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал ирүүлснийг чуулганд оролцсон гишүүд дэмжлээ. Ийнхүү уг хуулийн төсөл болох хамт өргөн мэдүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулган өндөрлөв.

Холбоотой мэдээ