Бичигт боомтын урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-06 13:18:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос томилогдсон Засаг даргын орлогч дарга Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэцагаан сум болон Бичигт боомтод ажиллалаа. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулж буйтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн ариутгал халваргүйтгэлийн бодис материалыг Бичигт боомтын ажилчдад хүлээлгэн өгчээ.

Мөн боомтод ажиллаж байгаа ажилчдын ажиллах нөхцөл байдалтай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрлэх асуудлыг онцгой комисст танилцуулахаар болсон байна.

Ажлын хэсгийнхэн Эрдэнэцагаан суманд онцгой комиссын хурал хийж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зарим үүрэг чиглэлийг өгсөн байна. Тодруулбал, хяналтын байгууллага бүр амны хаалт, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, ариутгалын бодисын захиалгыг холбогдох дээд байгууллагад хүргүүлж, боомтын нэгдсэн нөөцийн сан бүрдүүлэх, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөө”-ний дагуу хил хяналтын байгууллагууд хамтарч боомтын бэлэн байдлыг ханган ажиллах, боомтын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг бүртгэл хөтлөн биелэлтийг ханган ажиллах, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д газрын тос тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой гурван заалт бүхий зөвлөмж хүргүүлж ариутгалын пункт байгуулах, суурин термо камерын асуудлыг шийдвэрлэх зэргийг үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ