СҮХБААТАР: Орон нутгийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан ажлын багийнхан дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа.
Ажлын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд В.Оюу, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Л.Өлзийт, Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг болон яамны бусад холбогдох газар,
нэгжийн төлөөллүүд багтжээ.
Төлөөлөгчид аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж, орон нутагт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, гарц, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн Засаг даргын Тамгын газар болон холбогдох агентлагуудын удирдлагуудад гадаад бодлогын нэгдмэл байдал, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах асуудал, гадаад харилцаа хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёслол сэдвээр сургалт зохион байгуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн ажлын багийнхан “Сүхбаатар” үйлдвэрлэл, технологийн паркийн дэргэдэх Сүүний үйлдвэр болон “Цайртминерал” ХХК-ийн Цайрын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.