СҮХБААТАР: Баруун-Урт суманд 352 камер хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-04-21 09:04:04

Баруун-Урт, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд Телекамерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Баруун-Урт сумын хэмжээнд 352 камер хэвийн ажиллаж байна.

 

Өнгөрсөн онд Баруун-Урт сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2, 3, 4, 6 дугаар багийн 70 байршилд 210 камерыг шинээр суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Мөн энэ онд 5 дугаар багт 800 сая төгрөгийн хөрөнгөөр камерын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөжээ.

Харин энэ онд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1, 5, 7 дугаар багийн нутаг дэвсгэрийн 118 цэгт 390 камер суурилуулах болон ухаалаг программ хангамж бүхий видео удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлэх тендер зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Камерын хяналтын төвийн дарга Ч.Батболд мэдээллээ.

Баруун-Урт сум ногоон бүс болох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд хийж буй хамгийн үр дүнтэй ажил бол камержуулалт гэдгийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Баатархүү онцоллоо. Энэхүү төв тогтмол үйл ажиллагаа явуулснаар сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг гарах эрсдэлтэй цэгүүдийг тогтмол хянах, урьдчилан сэргийлэх, бүртгэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд чухал нөлөөтэйг ч хэллээ.


Телекамерын хяналтын дэд төв ашиглалтад орсноор зөрчил болон гэмт хэргийн шинжтэй олон дуудлагад шуурхай ажиллаж, гэмт хэргүүдийг илрүүлсэн байна. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай болон гэр хорооллын гудамжинд үйлдэгдэх гэмт хэргийн тохиолдол буурсан үзүүлэлттэй байна.

 

Тус дэд төвийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 онд байгуулсан бөгөөд таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өдгөө аймгийн Засаг даргын Тамгын газарт харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ