П.Буттижич ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-02 15:43:59

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах сунгаанаас нэрээ татлаа гэж Индиана муж улсын Саут-Бенд хотын дарга асан Пит Буттижич өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. 


Өдгөө 38 настай П.Путтижич дэмжигчдэдээ хандан хэлэхдээ, өрсөлдөөнийг орхих шийдвэрийг гаргахад маш хүнд байсан хэмээгээд, үлдсэн нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжихгүй боловч Ардчилсан намаас нэр дэвшигчийг Цагаан ордны тэргүүн болгохын төлөө чадах бүхнээ хийх болно гэж хэлжээ.


Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд өрсөлдөх явцдаа ижил хүйстэн гэдгээ ил тодоор мэдэгдсэн П.Буттижич, би “бусдаас өөр” гэгддэг хүүхэд бүрт итгэл найдвар төрүүлсэн хэмээн найдаж байна хэмээн хэлжээ. Хэдийгээр түүний сонгуулийн кампанит ажил амжилттай эхэлсэн боловч сүүлийн хэдэн долоо хоногт эрчээ алджээ. Тэрбээр Айова муж улсад явуулсан сунгаанд маш бага саналын зөрүүгээр ялалт байгуулж, Нью-Хемпширт явуулсан сунгаанд хоёрдугаарт бичигдсэн хэдий ч Невада, Өмнөд Каролинагийн сунгаанд цөөн тооны санал авсан байна. 


П.Буттижич Ардчилсан намын сунгаанаас нэрээ татсанаар цаашид өрсөлдөх зургаан нэр дэвшигч тунан үлджээ. Тэдгээрийг дурдвал, Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг, Массачуссетс муж улсын сенатч Элизабет Уоррен, Миннесота муж улсын сенатч Эми Клобучар, Төлөөлөгчийн танхимын гишүүн Тулси Габбард нар юм. 

Холбоотой мэдээ