Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-25 16:13:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 57 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр Биокомбинат УТҮГ-ыг шинэчлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, уг хэлэлцээрийн дагуу тусгайлсан гэрээ байгуулах эрхийг холбогдох хүмүүст олгож Ерөнхий сайд захирамж гаргалаа. 


Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй  хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг ноднин 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм.


Дээрх тусгайлсан гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Экспорт-Импорт банк хооронд байгуулах юм. Ингэхдээ, Зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх аж.


“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусний гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах зэрэг ажил хийх юм.


Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх  вакцин 23.6 сая/тун гадаадаас импортолж нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ.


Биокомбинатыг шинэчилж үйлдвэр байгуулснаар  гадагшаа чиглэж буй энэхүү валютын  урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ