Алибаба групп 500 мянган ширхэг N95 амны хаалт хандивлалаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-31 16:53:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын “Алибаба”, “Ма-юнь” сайн үйлсийн сангаас Монгол Улсад 500 мянган ширхэг N95 амны хаалт хандивлаж байгааг өнөөдөр ГХЯ-нд хүлээлгэн өглөө.


БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж буй хандив тусламжийг гардуулах ёслолд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хандив гардуулах ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ, Хятад улс COVID-19 өвчний эсрэг олон улсад хийж буй тэмцэлд идэвхтэй оролцож, эд материалын болон хүн хүч, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж байгааг бид талархан харж байна гээд Хятадын төр засаг, ард түмнээс Монгол Улсад үзүүлж буй эдгээр тусламж дэмжлэг нь нэн дутагдалтай байгаа эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээг нэмэгдүүлж, энэ халдварт өвчний эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд маш чухал ач тус болж байгааг онцлон тэмдэглэв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй хэлсэн үгэндээ, БНХАУ-д тохиолдсон хүнд сорилт бэрхшээлт цаг үед Монгол Улсын төр засаг, байгууллага, иргэд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Монгол Улсад COVID-19 өвчний эсрэг явуулж буй тэмцэлд тус дэм болгон манай Алибаба компаниас энэ удаагийн хандив тусламжийг ирүүлж байна. Цаашид ч хандивын ажиллагаа үргэлжлэх болно гэлээ.



Холбоотой мэдээ