“Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болов

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-04-21 17:18:29

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 4-р сарын 20-нд БНХАУ-ын “ЭКЗИМ” банкны Хөнгөлөлттэй зээлийн газрын менежер Шю Жы, Та На болон “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Төмөр замын дөрөвдүгээр товчоо ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ван Хайтао нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Д.Ганхуяг “Өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 918 сая ам.долларын 27 төсөл хэрэгжүүлсэн нь дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн хугацаанд хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн жил байсныг” онцоллоо.

Энэ онд Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлээр 22 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээний улмаас барилгын бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа боловч хоёр орны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хариуцаж буй байгууллагууд холбогдох гэрээ хэлцэл хийж, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Хятадын ЭКЗИМ банкны ажилтнууд танилцуулав.

            Уулзалтын үеэр Хятадын тал энэ оны 1-р сарын 20-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг мэдэгдэж, төслийн санхүүжилтийн баталгааны бичгийг Монголын талд гардуулав.

Мөн БНХАУ-ын Төмөр замын дөрөвдүгээр товчоо ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ван Хайтао уг төслийн Арилжааны нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гэрээ, хэлэлцээрийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

            Элчин сайд Д.Ганхуяг хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулж, холбогдох гэрээ хэлцэл, санхүүжилтийг тасралтгүй хийж ирсэн ЭКЗИМ банкны хамт олонд талархал илэрхийлээд, “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төсөл нь Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч буй төсөл гэдгийг онцолсон бөгөөд уг төсөлд Монголын талын олон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжийг оролцуулахад анхаарахыг хүссэн юм.

Холбоотой мэдээ