Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-21 18:21:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.



Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. Тодруулбал, Онон балжирын цогцолбор газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг, Давэлийн аралын байгалийн нөөц газарт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалын цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар заажээ. Мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан уулыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт, тус сумын Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын Хөх нуур-Бумбат орчмын газрыг, Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг өргөтгөлөөр хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. 


Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал, дүгнэлтийг төслийн Ажлын багийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав. Тэрбээр, Ажлын баг өнөөдөр хуралдаж тогтоолын төсөлд холбогдох асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тогтоолын төсөлд хамрагдах талбайн сумын нэр дутуу бичсэн, орхигдуулсан, талбайн хэмжээг зөрүүтэй бичсэн зэрэгтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Х.Болорчулуун нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд газрын кадастрын зураглалаас урсгал, голдирол нь хэвээрээ байгаа 5-6 голыг хасчихсан асуудлыг хэрхэн шийдэх талаар, улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн хэчнээн хувийг авахаар төлөвлөсөн, хэдий хэмжээний газар нутгийг аваад байгаа талаар тодруулж байлаа.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, байгаль орчныг хамгаалах, байгалийн зүй тогтоцын талаарх судалгаа шинжилгээ тогтмол хийх асуудалд хөрөнгө мөнгө дутуу зарж ирсний горыг өдгөө амсч байна хэмээсэн. Тэрбээр, төрийн байгууллагууд мэдээллээ дутуу солилцдог, хийх ёстой ажлууд, судалгаагаа цагтаа хийгээгүйгээс болоод голуудыг бүртгэлжүүлээгүй алдаа гарсан гэлээ. Түүнчлэн шаардлагатай төсөв мөнгийг тавиагүйгээс хэд хэдэн голыг газрын зурагт байхгүйгээр тэмдэглэсэн байсныг засан, дээрх газрыг тусгай хамгаалалтад авахаар тусган оруулж ирж байгаа гэсэн хариултыг өгсөн.  


Улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 30 хүртэл хувийг авахаар төлөвлөснөөс 20.1 хувийг авсан байгааг сайд тодотгосон. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутгийн талбай нэмэгдэж байгаа ч байгаль орчны салбарын албан хаагчдын тоо 380 гаруйгаар дутагдалтай байгааг сайд онцлоод энэ салбарт зохих хөрөнгө оруулалтыг хийж, гарах ёстой зардлыг гаргамаар байна гэлээ.


Үргэлжлүүлээд Ажлын багаас танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ