"Сайхан бичигтэн" уралдаан зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-29 15:08:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан ЗДТГ, БСУГ хамтран монгол бичгийн "Сайхан бичигтэн" уралдаан зохион байгуулж байна. 


Шилдэг сайхан бичигтэн тодруулах, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчлах, эх хэлний соёл, өв уламжлалаа дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж буй ажээ.

Уралдаанд тус аймгийн иргэд хөдөлмөрчид, оюутан залуус, ЕБС-ын дунд, ахлах ангийн сурагчид оролцох боломжтой юм. ЕБС-ын сурагчид дурын сэдвээр алдаа мадаггүй, хичээнгүй цэвэрхэн хуулан бичсэн А4 цаасны нэг нүүр хэмжээтэй гар бичмэлээр оролцох бол насанд хүрэгчид Говь-Алтай аймгаас төрөн гарсан зохиолчдын зохиол бүтээлээс сонгон үндэсний бичигт хөрвүүлэн, бүрэн эхээр нь хичээнгүй цэвэрхэн бичсэн бичвэрээр оролцох шаардлагатайг зохион байгуулагчдын зүгээс онцлон мэдээлэв.


Түүнчлэн оролцогчид бичвэрээ БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрмаад тавдугаар сарын 15-ны дотор хаяглан ирүүлэхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ