ГОВЬ-АЛТАЙ: Шилдэг бизнес санааг 15 сая төгрөгөөр урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг хөгжүүлэх, ажлын байраар хангах зорилгоор “START UP” хөтөлбөрийг жил бүр зохион байгуулж байна.
Орон нутагтаа гарааны бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх, тэднийг чадавхжуулах, мөн орон нутгийн залуусыг гарааны бизнес эрхлэх мэдлэг, ур чадвар, сэтгэлгээтэй болгох зорилготой. Түүнчлэн аливаа санааг бодит бизнес болгон хөгжүүлэх хүртэлх үе шаттай танилцах, оролцогчид туршлага хуримтлуулах боломж олгодгоороо уг хөтөлбөр онцлогтой.
2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрт шинэ технологи, инновац шингэсэн шилдэг гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусыг идэвхтэй оролцохыг уриалав. Хөтөлбөрт хамрагдсанаар бизнес санаагаа өргөжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэлтэй болох зорилгоор сургалтад хамрагдах боломжтой юм. Хамгийн гол нь хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн залуучуудын бизнес санааг дэмжих, залуучуудаар удирдуулсан брэндийг бий болгохоор хамгийн шилдэг бизнес санааг дэвшүүлсэн хоёр багийг шалгаруулж 15 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувь буцалтгүй нөхцөлтэйгөөр олгож урамшуулах тухай ХХҮГ-ын дарга Д.Баттайван танилцууллаа.
Гарааны бизнесийг дэмжих “START UP” хөтөлбөрт 18-34 насны, Говь-Алтай аймгийн харьяалалтай, ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч залуучууд хамрагдах боломжтой бөгөөд эдгээр шаардлагыг хангах ёстойг онцоллоо.
Хөтөлбөрийн бүртгэл тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ.