ГОВЬ-АЛТАЙ: Төрөлт өмнөх оны мөн үеийнхээс цөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар 188 эх амаржиж, 190 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 96.8 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж, хяналтад явагджээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт сумдаас ирж 100 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 15 тохиолдлоор нэмэгдсэн бөгөөд энэ нь тус эмнэлэгт төрсөн нийт эхийн 54.9 хувийг эзэлж байгааг ЭМГ-аас мэдээллээ.
Энэ оны эхний гурван сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 173 эмэгтэй хамрагдсан бөгөөд тэдний 94.8 хувь нь жирэмсний эхний гурван сард, 5.2 хувь нь 4-6 сартайд хяналтад оржээ.
Энэ хугацаанд тус аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдүүдийн 6.8 хувь нь бага жинтэй буюу 2500 граммаас доош жинтэй төржээ. Харин амьд төрсөн хүүхдүүдийн 105 нь хүү, 85 нь охин байгааг ЭМГ-аас мэдээлэв.