ГОВЬ-АЛТАЙ: Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-04-24 11:10:23

Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт өнөөдөр ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-тай хамтран “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.


Ажлын багийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг газар дээр нь үнэлж дүгнэх, хяналт шалгалт хийх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, мөн хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.


Энэ хүрээнд хүний эрхийн сургалт зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах зэрэг ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийх юм. Мөн түр хамгаалах байр, теле камерын хяналтын төв болон Барилгын цэргийн 341 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцана.


Өдөрлөгийн төгсгөлд дүгнэлт, тайлан гаргаж, Комиссын хуралдаанаар хэлэлцэн, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх юм.


Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Чинбат аймгийн хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа. Тэрбээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.

Тухайлбал, жил бүр тогтмол зохион байгуулдаг хөдөөгийн иргэдийг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлын хүрээнд өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор 18 сумын 88 багийн эмч нарыг авто машинаар бүрэн хангажээ.


Холбоотой мэдээ