Ю.Эрдэнэчимэг: Бүтээгдэхүүнээрээ дамжуулж, аймаг, нутаг орныхоо нэрийг гаргах зорилготой байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-05 10:09:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум эмийн болон балт ургамал арвин, үзэсгэлэнт байгаль бүхий газар нутагтай. Тиймээс зөгийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх нөөц, боломж тэнд бий.

Тус сумын 3 дугаар багийн иргэн Ю.Эрдэнэчимэг аймагтаа анхдагч зөгийчдийн нэг бөгөөд 8 дахь жилдээ зөгийн аж ахуй эрхэлж байна. 2013 онд нутгийн арваад иргэн нэгдэж, “Хангайн бурам” бүлгийг үүсгэн ажиллаж эхэлсний нэг нь Ю.Эрдэнэчимэг юм. Харин сүүлийн жилүүдэд “Хангайн бал” хоршоог байгуулан бие даан гарч, органик зөгийн бал үйлдвэрлэн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхийн зэрэгцээ экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна.

2019 оны ажлын үр дүнгээрээ “Аймгийн шилдэг фермер” гэх шагналыг гардсан түүнтэй цөөн хором уулзаж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь талаар яриа өрнүүлэхэд зөгийнд үнэхээр “дурласан” нь үг бүрээс нь илэрч байлаа. Анх Сэлэнгийн Шаамар суманд сургалтад хамрагдан дадлага хийснээр зөгий үржүүлэх хүсэл, сонирхолд автаж, уг ажлыг зориглон эхлүүлжээ. Эхний он жилүүдэд алдах онох зүйл олон байсан ч өөрөө сонирхолтойн улмаас өлгийтэй хүүхдээ машины сүүдэрт орхичихоод л зөгийтэйгээ хөөцөлддөг байснаа дурсаж байв.

Одоо 40 гаруй бүл зөгийтэй. Нэг бүлд 200-300 мянга орчим зөгий байдаг учраас нийт зөгийний тоог гаргах боломжгүй аж. Зөгийнүүд нь нутагшчихсан болохоор өсөлт сайтай байгаа гэнэ. “Зөгий маллахад маш нарийн ажиллагаа, маллагаа, ур ухаан шаардагдана. Хурга, ишиг маллахаас илүү ярвигтай. Өвөл өвөлжүүлнэ, зун оторлуулна, хавар эх зөгийгөө өндөглүүлнэ. Жилийн дөрвөн улиралд тэжээл, усалгааг нь тохируулан маллана. Зөгий хүчтэй байж л балаа их авдаг учраас зөгийгөө хүчтэй байлгах бүх л аргыг хэрэглэнэ. Цаг минут алдаж болохгүй, нойронд харуусахгүйгээр ажиллах хэрэгтэй” хэмээн Ю.Эрдэнэчимэг ажлаа танилцуулсан юм.

Үүний тулд сард 2-3 удаа балт ургамалтай газруудад оторлодог бөгөөд ургамлаа таньж мэдэхээс эхлэн мэдлэг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг багагүй шаарддаг байна. “Зөгий хайрцгандаа орох цаг буюу шөнө дөлөөр л нүүдэл хийж, оторлодог. Хайрцагтай зөгийг мод, чулуу шиг хамаагүй шидчихгүй, зөөлөн гараар ачиж, буулгахаас эхлээд асар их ажиллагаатай тул хүмүүс халшрах, шантрах нь их” хэмээн тэрбээр хэлж байлаа. Намар зөгийн балаа авчихсаны дараа зөгийгөө өвөлжүүлж, чихрийн уусмал бэлтгэн өвлийнх нь идшийг өгдөг аж. Нэг бүл зөгийнд 8 кг орчим чихрийн уусмалыг бэлтгэдэг гэнэ. Харин хавар буюу одоо зөгийгөө өвөлжөөнөөс нь гаргаж хашаалаад байгаа ба үржүүлэх, хөдөөлөх бэлтгэл ажлаа хийж байна.

Зөгий бүр дотроо өөр өөр үүрэгтэй байдаг. Үүр бүрт нэг эх зөгий байх агаад зөвхөн өндөглөх үүрэгтэй. Мөн бүлийнхээ бүх ажлыг хийдэг ажилчин зөгий гэж байна. Цэцгийн тоосыг ургамлаас хайж олох, балт шүүс, цэцгийн тоос хураан авчрах ажлыг ажилчин зөгий гүйцэтгэнэ. Тэрчлэн эх зөгийг өндөглүүлэхээс өөр ажилгүй эр зөгий ч бас байдаг аж. Зөгийн бүл бүр өөр өөрийн үнэртэй. Гадагшаа ниссэн зөгий энэхүү үнэрийн тусламжтайгаар өөрийн үүрэндээ эргэн ирж чаддаг. Үүрний гадна харуул зөгийнүүд байх бөгөөд өөр үүрний зөгийг оруулдаггүй ажээ.

“Хангайн бал” хоршоо өнгөрсөн жил 900 орчим кг зөгийн бал хураан авсныгаа  үзэсгэлэн худалдаагаар борлуулж дуусгасан байна. Балт ургамлаасаа шалтгаалаад зөгийн балны өнгө, чанар өөр өөр тул үнэ нь ч харилцан адилгүй аж. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдрал ахуй хүндэвтэр байгааг харгалзаад үнийн хувьд уян хатан ханддагаа Ю.Эрдэнэчимэг хэлж байлаа. Бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодол, шошгыг захиалгаар хийлгэдэг ба хайрцаг, рамаа өөрсдөө хийдэг гэнэ. Бүтээгдэхүүнээ 6 янзаар савладаг бөгөөд шилээ 5-6 удаа чанаж ариутгах, шошгоо наах зэрэгт цаг хугацаа нэлээдгүй шаарддагийг онцлов.

Тэднийх 20 орчим ажилтантай. Зөвхөн зөгийн бал үйлдвэрлээд зогсохгүй зөгийн балыг хайлуулж, энергийн лаа, саван хийнэ. Мөн чацарганаар, сүүлний тосоор саван хийж борлуулж байна. Цаашид мэргэжлийн зөгийчдөөр ажлын байраа өргөжүүлж, зөгийн балтай ундаа, чихэр зэрэг бүтээгдэхүүн хийх бодолтой яваа гэнэ. Харин өөрийн гэсэн ажлын байр, зориулалтын зоорьгүй, бүгдийг түрээсээр ашиглаж байгаа аж. Тэрээр “Байшингаар бол суурийг нь тавиад ханыг босгочихсон. Одоо дээвэр тавихад тусламж хэрэгтэй байна. Ажилчдадаа цалин өгнө, татвараа төлнө. Багаж төхөөрөмж, хувцас хэрэгсэлд мөнгө маш их зарцуулдаг. Бэрхшээлүүд их байдаг ч өөрийн хүсэл сонирхлоо дагаад бүгдийг нь даван туулах гээд л явж байна” гэлээ. Аж ахуйгаа өргөтгөхийн тулд Сум хөгжүүлэх сан болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас багахан зээл авснаас өөрөөр ямар нэг дэмжлэг, туслалцаа аваагүй, харин үзэсгэлэн худалдаанаас шилдэг бүтээгдэхүүний шагналыг удаа дараа хүртэж байжээ.

“Эмийн ургамлаас авсан зөгийн бал 100 гаруй төрлийн бодис агуулсан байдаг учраас эрүүл мэндэд сайн байдаг. Өглөө өлөн элгэн дээрээ уухад ходоод эмчилнэ. Цөсний чулуу хайлуулна. Элэг цэвэрлэнэ. Дархлаа сайжруулна. Түлэнхий, элдэв шархыг анагаахад хэрэглэнэ. Борлуулалтын хувьд гэрээгээр, захиалгаар, бөөнөөр, жижиглэнгээр нийлүүлж, аймаг, сумаа хангадаг. Хашаандаа чацаргана ургуулж, тоос авсан. Үхрийн нүд, монос тарих санаатай байна. Эгч нь мөнгөний төлөө нэг их яваагүй ээ. Бүтээгдэхүүнээрээ дамжуулж, аймаг, нутаг орныхоо нэрийг гаргах зорилготой байдаг” гэснээр бидний яриа өндөрлөлөө.

 

 

Холбоотой мэдээ