Монгол-Кубын найрамдлын төгөл байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-21 17:58:15
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Найрамдлын төгөл байгууллаа. 


Найрамдлын төглийн нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсион, НЗДТГ болон Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл оролцож тэгш ойг бэлгэдэн 60 ширхэг хайлаас мод тарив.


Монгол Улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 сарын 7-нд Куба улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Тухайн үед манай хоёр улс бие биенийхээ тусгаар тогтнолд томоохон дэмжлэг үзүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэв.


Тэрбээр "1960-аад онд манай улс НҮБ-д элсэх үед тусгаар тогтнолоо олон улсын эрх зүйн хүрээнд иж бүрэн баталгаажуулахад Куба улсын дэмжлэг чухал байсан. Куба улс ч мөн тусгаар тогтнолоо олж аваад удаагүй байсан учир манай талын дэмжлэг улс төр болон дипломат хамтын ажиллагааны агуулгаар чухал ач холбогдолтой байсан. Үүнээс хойш эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирлээ. Сүүлийн үед Куба улсад өндөр хөгжсөн биотехнологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна. Куба улс манай улсын хувьд Латин Америк руу гарах цонх. Тухайн бүс нутагт манай улсыг олон талаар дэмждэг дипломат харилцааны чухал түнш хэвээр байна" хэмээн ярив.


Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Дэлгадо Консепсион "Манай хоёр орны хамтын ажиллагааны нэг гол салбар бол боловсролын салбар. 1963 оноос хойш 180 гаруй монгол оюутан Кубад боловсрол эзэмшжээ. Өнөөдрийн байдлаар 19 оюутан Кубын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. 1980-аад онд манай оюутнууд мөн Монголд олноор суралцаж байсан. Хэдийгээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа бага дүнтэй байгаа ч цаашид эм хангамж, биотехнологийн салбарт олон боломж харагдаж байна" хэмээлээ.


Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улс өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, урлаг соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан ч эдгээр ажил цар тахалтай холбоотой тодорхойгүй хугацаагаар хойшлоод буй.


Холбоотой мэдээ