Сонгуулийн үеэр "COVID-19"-өөс сэргийлэх журам баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлав.
Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар тусгажээ. Мөн санал авах үед халдвараас сэргийлэхэд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.
Журмыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.