Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-03 22:57:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигч Т.Ганди, З.Энхтөр нарын сонгуулийн сурталчилгааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцлоо.

Нээлтийг их жанжин Д.Сүхбаатарын талбайд эхлүүлж, Жаахан шарга театрт иргэд, сонгогчидтой хийх уулзалтаар үргэлжлүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдийн тухай тодотгон хэлэхдээ, “Намын бага хурал, удирдах зөвлөлийн шийдвэр болон бусад олон талын шалгуур үзүүлэлтээр бид нэр дэвшигчдээ сонгосон. Ёс суртахуун, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, ард түмний хандлага гэсэн дөрвөн гол шалгуураар шигшигдэж манай нэр дэвшигчид тодорсон. Тэдний хоёр нь Т.Ганди, З.Энхтөр нар юм. Нэр дэвшигч Т.Гандигийн хувьд төрийн ажлын асар өндөр чадвар, мэдлэг туршлагатай хүн. Олон удаа парламентын гишүүнээр сонгогдсон, төрийн сайд, элчин сайд хийж байсан туршлагатай. Үнэхээр монгол төрийн бодлогыг боловсруулахад эмэгтэйчүүдээ төлөөлж дуугарч чадах манай намын шилдэг эмэгтэй боловсон хүчний төлөөлөл.

Харин нэр дэвшигч З.Энхтөр бол ирэх дөрвөн жилд бидний хийж хэрэгжүүлэх гол асуудлын нэг болох банк санхүүгийн шинэчлэлийг хийхэд хамгийн их үүрэг нөлөөтэй нэгэн. Мөн ирэх жилүүдэд бид эх орноо хүнс экспортлогч орон болгохыг зорьж байгаа. Үүнд хөдөө орон нутагтаа амьдарч, ажиллаж байсан хүмүүсийн дадлага туршлага хамгийн их хэрэгтэй. З.Энхтөр тийм л хүмүүсийн нэг нь гэлээ.

Холбоотой мэдээ