Орон нутагт гал түймэр, усанд осолдох дуудлага зонхилж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-06-28 11:15:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа. 

Тэрээр шинээр байгуулах гал түймэр унтраах, аврах анги, нэгж, салбарын бэлтгэл ажилтай танилцлаа.


Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь үйлчлэх хүрээндээ Өвөрхангай аймгийнхаа Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт 7 суманд хүрч үйлчилдэг байна. Орон нутагт гарч буй гамшиг, ослын дийлэнх хувийг ахуйн гал түймэр, усанд осолдсон дуудлага эзэлж байна.

Харин Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар өнөөдрийг хүртэл 64 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж 14 хүний амь нас, байгууллага, ААН, иргэдийн 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


ОБЕГ-ын удирдлагаас гадна тус байгууллагын ажлын хэсгийн баг энэ сарын 24-нд орсон хүчтэй бороо, үерээс үүссэн хохирлын хэмжээ, нөхцөл байдлыг тогтоож үнэлэхээр Хэнтий аймагт ажиллаж байна. 

Хохирлын үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 1 дүгээр тушаалаар баталсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм гэж ажлын хэсгийн ахлагч ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн хэлэв. 


Холбоотой мэдээ