Д.Трамп коронавирустэй тэмцэх чиглэлд гарч буй ахиц дэвшлийг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-05 14:13:57

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын олон муж улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа үед Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирустэй тэмцэх чиглэлд улс орондоо гарч буй ахиц дэвшлийг сайшаажээ.


“Бид Хятадаас гаралтай вирусний цохилтод өртсөн хэдий ч маш олон ахиц дэвшил гарлаа. Вирус нэг газарт тархсаны дараа дахин өөр газарт дэгдэж байна. Гэвч бид маш олон зүйлийг сурлаа. Бид энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахыг суралцлаа” гэж Д.Трамп долдугаар сарын 4-ний өдрийг тэмдэглэхээр Цагаан ордны “South Lawn” цэцэрлэгт цугласан олонд хандан хэлжээ


“АНУ “олон арван мянган” хиймэл амьсгалын аппаратыг үйлдвэрлэсэн бөгөөд одоо хилийн чанад руу нийлүүлж эхлээд байна. Шинжилгээний хувьд, манай улс 40 сая орчим хүнд шинжилгээ хийлээ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.


“Манай улсын халдварын үзүүлэлтүүд бусад орныхоос илүү байгаа нь бидэнд аль ч улсад байхгүй оношлуур байгаатай холбоотой. Бидэнд дэлхийн хаана ч байхгүй хамгийн олон, хамгийн нарийвчлалтай оношлуур бий. Мөн бид хамгаалалтын хувцас, амны хаалт, мэс заслын хэрэгслүүдийг эх орондоо үйлдвэрлэж байна” гэж тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ